Гэмтлээс эргэн ирсэн Мария Шарапова Мадрид хотноо зохиогдож буй WTA-ын ээлжит цуврал тэмцээний эхний тойрогт Чехийн Люси Сафаровад ялагдсанаар тэмцээнийг орхисон бол дэлхийн номер нэг асан Жюстин Энен мөн ялагдал хүлээж, энэ жилийн Madrid Masters тэмцээнийг орхисон байна. Индиан Уэллсийн тэмцээнд БНХАУ-ын Жень Жиед хожигдсоноос хойш дахин талбайд гараагүй байсан Шарапова бэлтгэл муутай байсан бөгөөд 6-4; 6-3 харьцаатай хожигджээ. Харин Бельгийн шилдэг теннисчин Энений тухайд 4-6; 7-5; 6-0-ээр Араване Резайд ялагдсан байна. Тэрбээр тоглолтын дараа “Би өнөөдөр сайн байж чадсангүй. Штутгартын тэмцээнээс хойш миний бие сайнгүй байгаа. Шаардлагатай эрч хүчээ нөхөж чадсангүй. Өнөөдөр Араване маш сайн тоглолоо. Би энэ тэмцээнд түрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байсан ч бүтэлгүйтлээ” гэжээ.
Энэ улирлын хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээний өмнөх сүүлийн гол халаалтын тэмцээн нь Madrid Masters юм. 4,5 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн энэ сарын 16-нд өндөрлөнө.
С.Цэлмэг