Австралийн нисгэгч Марк Уэббер өчигдөр Барселона хотноо болж өнгөрсөн Испанийн гран-при уралдаанд түрүүллээ. Испанийн Фернандо Алонсо түүний араас нэхэж, хоёрдугаарт барианд орсон бол Уэбберийн багийн анд Себастьян Веттель шагналын тавцанд гарах сүүлчийн нисгэгч болсон байна.
2007 оны Формула-1-ийн дэлхийн аварга Льюис Хэмильтон хоёрдугаарт уралдаж байсан боловч харамсалтай нь төгсгөлийн өмнөх тойрогт мөргөлдөж, эгнээнээс хасагдсан. Хэдийгээр Хэмильтон гэмтэл бэртэл аваагүй боловч хоёрдугаар байрын 18 оноо агаарт замхарсан юм. Дэлхийн аваргыг ерөнхий дүнгээр тэргүүлж байсан Хэмильтон багийн анд, нутаг нэгт Женсон Баттон тавдугаарт хурдалсан байна. Тэрбээр дэлхийн долоон удаагийн аварга Шумахерийг гүйцэх гэж бүх авьяасаа гарган хичээсэн гүйцэлгүй, Шуми улирлын хамгийн өндөр амжилтаа гаргаж, дөрөвдүгээрт барианд оржээ.
Хэдийгээр шагналын тавцанд гарч чадаагүй ч “McLaren” багийн нисгэгч, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Женсон Баттон 70 оноотой ерөнхий дүнгээр тэргүүлж байна. Түүний араас 67 оноогоор “Ferrari”-гийн Фернандо Алонсо, 60 оноо “Renault”-ын Себастьян Веттель нар нэхэж байгаа юм.
Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнийг “McLaren” 119 оноотой тэргүүлж, “Ferrari” 116, “Renault” 113 оноотой удаалж байна.
Формула-1-ийн дараагийн гараа энэ сарын 16-нд Монакод болно.
С.Цэлмэг