Т.Галсан, С.Дулам нарт батламж гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Т.Галсан, С.Дулам нарт батламж гардуулав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, УИХ-ын гишүүн асан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Төрийн дууллыг шинэчлэхэд билэг авьяас, сэтгэл зүтгэл, ур ухаанаа дайчлан хувь нэмрээ оруулсныг нь үнэлж батламж гардуулав.

Уг батламжид “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл Төрийн дууллын

                       Өндөр төрийн минь сүлд ивээж
                       Өргөн түмний минь заяа түшиж
                       Үндэс язгуур, хэл соёлоо
                       Үрийн үрд өвлөн бадраая

гэсэн гайхамшигт бадгийг шинэчлэн оруулж, орчин цагт нийцүүлэн улам утга төгөлдөр болгоход бичгийн их эрхэм хүмүүс Таны цэгц авьяасаа чин сэтгэлээр өргөснийг батламжлан энэхүү дурсамжийг хадгалуулав” гэжээ.

Бичгийн уран авьяастнуудын бүтээл багаддаггүй юм байна. Төрийн дууллын энэ дөрвөн мөр л гэхэд мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнтэй бүтээл, Монголын ард түмэн үргэлж мөнхөд дуулж байх сэтгэл зүрхний эгшиг аялгуу юм гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлов.

Ардын уран зохиолч Т.Галсан “Бид мөнх биш, цаг хугацаа ч мөнх биш, харин түүхэн үнэний гэрч болсон бидний сэтгэл оюуны өчүүхэн бүтээлийг ийнхүү цаг хугацаанд нь батламжилж өгсөнд өвгөн миний духны үрчлээнээс нэг нь ариллаа. Шинэ сар гараад ах нь ерэн нас шүргэх нь, ахынхаа насыг аваарай” хэмээн ерөөв.  Монгол түмний сэтгэл зүрхний дуулал, монгол төрийн мөнхөд мандан бадрахын бэлгэдэл болсон Төрийн дууллыг шинэ цагийн аяст нийцүүлэн утга төгсийг нь улам төгөлдөржүүлэхэд багшийнхаа хамт хувь нэмэрлэсэндээ ихэд билэгшээж, бахархаж явдгаа доктор С.Дулам хэллээ.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж