С.Баяр Б.Долгионд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

С.Баяр Б.Долгионд мэндчилгээ дэвшүүлэв

Пентатоник академийн тэргүүн, ая зохиогч Б.Долгион төрсөн өдрөө нүсэр тэмдэглэв. Ялалтын баярын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 8-нд төрсөн түүний 55 насны ойд UBS телевиз бүхэл бүтэн нэвтрүүлэг зориуллаа. Энэхүү нэвтрүүлэгт дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Жаргалсайхан, UBS телевизийн захирал, ая зохиогч Л.Балхжав “Инээмсэглэл” хамтлагийнхан болон Соёлыг дэмжигч сангийн тэргүүн Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяа нар оролцож, найздаа мэндчилгээ дэвшүүлсэн. Тэгвэл нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой “зочин” Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга асан С.Баяр байлаа. АНУ-д эмчлүүлж байгаа тэрбээр утсаар мэндчилгээ хүргэснийг “С.Баяр, АНУ-ын Сиэтл хот. 2010.05.08” гэсэн тодотголтойгоор дамжууллаа. С.Баяр “Рок поп урлаг үүсч хөгжөөд 60 жил болж байгаа бол миний найз 55 нас хүрч байна” гэж байсан. Б.Долгион ч өөрийгөө хөгширлөө гэж огт боддоггүй бөгөөд “Энд сууж байгаа Д.Ухнаа гуай 70 нас хүрч байгаа гээд бодохоор надад дахиад 15 жилийн идэвхтэй “хөдөлмөр” лав байна” гэж байлаа.  
Мөн Б.Долгионы шүүгчээр нь ажиллаж байгаа “Universe Best Songs-2010” тэмцээнийхэн “Киви” хамтлагийнхныг “нэр нь үл мэдэгдэх” оролцогч хэмээн танилцуулж, сюрприз барилаа. “Киви”-гийн цоглог бүсгүйчүүд Б.Долгион ахдаа шинэхэн зохиосон дууг нь өөрт нь анх удаа дуулж сонирхуулж байгаа аж. Б.Долгионы төрсөн өдрийн нэвтрүүлгийн продюссерээр дүү, ая зохиогч Б.Ангирмаа, охин Б.Тэнгисмаа нар нь ажилласан гэнэ. Нэвтрүүлгийн үеэр бас нэгэн эрхэмтэй үзэгчид “шинээр” танилцсан нь “Инээмсэглэл” хамтлагийн Ч.Ганболд. Түүнийг “Инээмсэглэл” хамтлагийн дуучин гэдгээр нь л сайн мэдэх зарим үзэгч “Хүүе, энэ сая Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдсон нөхөр байна” гэж “танимхайрч” сүйд болов.

А.АНУ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж