
Гурав хоног үргэлжилсэн Тунисын гран-при тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаандууд болсон бөгөөд манай улсаас 90 кг-ын жинд Б.Ариун-Эрдэнэ, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, харин +100 кг-д Б.Сугаржаргал нар Тунисын татамид гарч барилдлаа. 90 кг-ын жингийн төлөөлөгч Б.Ариун-Эрдэнэ эхний тойрогт ОХУ-ын бөх Мурат Гасиевтай барилдаж, ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг орхисон бол +100 кг-ын жингийн ангилалд Б.Сугаржаргал эхний барилдаандаа БНХАУ-ын жүдоч Лью Жяньд цэвэр ялагдсан байна. Харин ихээхэн найдлага тавьж байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр тэмцээний эхний тойрогт 2006 оны Европын аваргын хүрэл медальт, Герман бөх Дмитрий Петерстэй барилдаж, юүко үнэлгээгээр ялсан боловч удаахь барилдаанд Японы Кайхан Такагид цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна.
Ийнхүү манай тамирчид олимпийн эрх олгох Тунисын гран-при тэмцээнээс медальгүй хоцорлоо.
Сануулахад, тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанд манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа нар шагналт тавдугаар байрт шалгарсан бөгөөд багийн дүнгээр манай тамирчид 23-р байрт бичигдсэн байна.
С.Цэлмэг