
“Apple” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс “iPad” хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүнээ смартфөүн болон лэптоп хоёрын завсрын, “гуравдагч шинэлэг бүтээгдэхүүн” хэмээн нэрлээд байгаа юм. Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой ажээ. Түүнчлэн “iPad” нь электрон номны үүргийг гүйцэтгэх бөгөөд хэрэглэгчид “Apple”-аас саяхан нээсэн “iBook Store”-д холбогдож, электрон ном татаж авч болох гэнэ. Мэдээж хэрэг номноос гадна төрөл бүрийн сэтгүүл, сонины электрон хувилбарыг унших боломжтой.
iPad нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулсан байна.
С.Цэлмэг