Мэргэжлийн дугуйн олон өдрийн нэр хүндтэй уралдааны нэг Жиро Д’Италиа буюу Италийн тур уралдаан өнгөрсөн амралтын өдөр эхэллээ. 93 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ жилийн уралдаан энэ сарын 30-ныг дуустал гурван долоо хоногийн турш үргэлжилнэ. Тэмцээний эхний өдөр дугуйчид 8,4 км замыг хувийн дүнгээр эхлүүлж, Их Британийн дугуйчин Бредли Виггинс хамгийн богино цагийг үзүүлж тэргүүлсэн. Амстердамд болсон нээлтийн уралдааны дараа дугуйчдын жинхэнэ уралдаан өчигдөр эхэллээ. Хоёр дахь гараанд тамирчид Голландын нийслэлээс Утрехт хүртэл 209 км туулах ёстой байсан юм. Уралдааны эхэнд осол болж, эхний өдрийн ялагч Виггинс, 2009 оны Италийн аварга Филиппо Позатто, Скай уралдааны тэргүүлэгч Стив Куммингс тэргүүтэй дугуйчид өртсөнөөр тэргүүлэгчийн төлөө туршлагатай спринтүүд өрсөлдсөн байна. Улмаар Америкийн дугуйчин Тайлер Фаррар 4 цаг, 56 мин, 46 секундэд 209 км замыг туулж хоёр дахь өдрийн ялагч боллоо. Түүний араас Австрийн Мэттью Госс, Италийн Фабио Сабатини нар барианд орсон бол нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн ягаан цамцыг Австрийн Кадел Эванс эзэмшихээр боллоо. Тэрээр 5 цаг, 07 минут, 09 секунд цагийн амжилттай яваа бол хоёр дахь гарааны ялагч Тайлер Фаррар ганцхан секунд алдаж хоёрдугаарт бичигдээд байна. Мөн Казахстаны Александр Винокуров, Австрийн Ричи Порт нарын ягаан цамц эзэмших боломж нь нэг секундын алдагдалтай байна. Жиро Д’Италиагийн дараагийн гараа буцаад Амстердамаас Миддльбург хүртэл Голландын нутаг дэвсгэрээр 224 км замд үргэлжилнэ.
Score Studio