Дарив гэдэг нь ”Дариваа хээрээс” эхтэй

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Дарив гэдэг нь ”Дариваа хээрээс” эхтэй

Дарив гэдэг нь ”Дариваа хээрээс” эхтэй
Улаанбаатар хот                                                                                           2010.04.20
Нэгдлийн суурин дээр байгуулагдсан хэдэн зуун хоршооноос өнөөдөр нэг олигтой хоршоо байхгүй гэж бүгдээр ярилцах юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Говь-Алтай аймагт ажиллах үеэр аймагтаа төдийгүй улс орны хэмжээнд ажил үйлсээрээ товойн шалгарсан хоёр хоршооны сургийг орон нутгийн удирдлагууд нь бидэнд дуулгав. Нэг их тоосонгүй, юу л болдоо гэж бодсон хэдий ч олон жил “малтай ноцолдсон” хүний хувьд сониуч зан минь хөдлөөд  байсныг нуух юун.   Гэтэл тун саяхан тэр хоёр хоршооны туршлагыг судлах аялалыг  Мерси Кор олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж үүндээ 7 аймгийн 27 бизнес эрхлэгчийг оролцуулах гэж буйгаа бидэнд мэдэгдэв. Ерөнхийлөгч ч надад үүнийг “Явж судал. Монголын мал аж ахуйд шинэ бодлого хэрэгтэй байгаа, тэндээс та шинэ санаа, туршлага олж юуны магад” гэсэн чиглэл өглөө. Ингээд миний бие Мерси Корын туршлага судлах багийнхантай хамтран Монгол улсын Тэргүүний хөдөө аж ахуйн хоршоогоор 2-3 удаа шалгарсан, Дарив сумын малчдын үүсгэн байгуулсан "Буян-Ундрал", "Хужирт-Жавхлан" хэмээх хоёр хоршооны ажлын арга барилтай 3 хоногийн турш танилцлаа. Нэг суманд үйл ажиллагаагаа явуулдаг энэ хоёр хоршооны нэг нь улсын тэргүүний хоршоогоор 3 удаа, нөгөө нь 2 удаа шалгарсан нь хоршиж ажиллах хэлбэрээ анхнаасаа зөв олоод явсан, хоорондоо ажлаараа өрсөлдөж байсны ач тус гэж удирдлагууд нь ярих юм. 

Говь-Алтайн Дарив сум.  Улаанбаатараас 1200 км алслагдсан. 505 өрх, 1927 хүн амтай, 146 мянган малтай, зах хязгаарын багахан сум. Дарив сум 2009 онд ажил амжилтаараа  аймагтаа тэргүүлсэн гэнэ. Сумын ард иргэд нь ажилсаг бөгөөд сумын төвийн байшин барилгууд нь өнгөтэй өөдтэй цоглог харагдана.
Дарив сумын улсын тэргүүний хоёр хоршоо сүүлийн 10 гаруй жил Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдыг ээлжлэн  манлайлсаар ирсэний учир юунд байв,  хоршооны үйл ажиллагаа, ажлын далайц, ашиг орлого, борлуулалт, гишүүдийн оролцоо зэргийг "Буян-Ундрал" хоршооны жишээгээр товч дурдвал ажлын арга барилаараа яг адилхан, өсч дээшилж яваа тус сумын "Хужирт-Жавхлан" хоршооны 140 өрх, 300 гаруй гишүүд болон хоршооны дарга Э.Цэрэндаш гуай уучлах буй за.

Дарив суманд 90-ээд оны өмч хувьчлалаар нэгдэл тарахдаа 2 хоршоо болсон аж. Эдгээр хоршооны агуулах, сав, байшин барилга нь бүхлээрээ хоршооныхоо мэдэлд өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн нь бусдаас ялгарах онцлог яах аргагүй мөн юм.  Алс хязгаар болоод тэрүү, хүмүүс нь салгаж авахын дон шүглээгүй байсных уу, шинэ хоршооны тэр үеийн дарга нар бүхлээр нь авч үлдэх харам сэтгэлтэй байсных уу бүү мэд. Юутай ч тэр үеийн сум, нэгдлийн төв дахь байшин барилга, үндсэн хөрөнгө бараг тэр хэвээрээ өнөөдөртэй золгоотхож.
"Буян-Ундрал" хоршоо 200 гаруй өрх, 300 гаруй гишүүнтэй.  Малчдын түүхий эдийг бэлтгэн нийлүүлж борлуулах, дэлгүүр ажиллуулах,  гишүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлэх гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.  Хоршоо нь өөрийн мал гэж байхгүй, хоршооны гишүүд нь хувийн мал бүхий малчин өрхүүд. Тус хоршоо өнгөрсөн жил гишүүдээсээ 12тн ямааны ноолуур, 5 мянга гаруй малын тураг мах бэлтгэж Улаанбаатар оруулж зарсан гэнэ. 175 сая төгрөгийг бэлнээр гишүүддээ зээлүүлсэн, бас гишүүдэд зээлээр эд бараа олгож түүхий эдээр дараа тооцоо хийж суутгадаг. Жил бүр малын гаралтай түүхий эд нийлүүлэх даалгаврыг гишүүдэд өгдөг, түүнийгээ биелүүлсэн гишүүд тодорхой шагнал урамшил авдаг. Сумын төвд өнгө үзэмжээ гайхуулах шинэхэн сендвичен барилгатай хоршооны дэлгүүр нь өнгөрсөн жил 340 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн,   2010 оны  эхний улиралд 175 сая төргөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс бараг 2 дахин нэмэгдсэн гэнэ. Оны эцэст зөвхөн дэлгүүрийн борлуулалт гэхэд 600 сая төгрөгт хүрэх төлөвтэй.

Хоршооны бүтэц зохион байгуулалт. Дарга-1, Гүйцэтгэх захирал-1, нябо-2, нярав-2,  худалдагч-4, үйлчилгээний бусад ажилтан-5, нийт орон тоо 16.   Нэг ажилтны дундаж цалин 200 мянган төгрөг, ажилчдын эрүүл мэнд болон НДШ-д жилдээ 8.2 сая төгрөг төлдөг байна. Багахан зах зээлтэй орон нутагт нүсэр гэмээр орон тоотой энэ хоршооны үйл ажиллагааны ашиг орлого эрхгүй анхаарал татна.
Хоршооны 2009 оны борлуулалт, ашиг орлого.  Нийт борлуулалт 747 сая төгрөг, гишүүдэд хуваарилсан ногдол ашиг 47,9 сая төгрөг,  улсын татварт 18 сая төгрөг, НДШ, ЭМД-д 8.2 сая төгрөг төлсөн байх юм.
Өмчөө  өөрийн дураар захиран зарцуулах эрх мэдэлтэй  малчид  ноолуураа өвөртөлж,  арьс ширээ ачаалж  хилээр гарах нь гарч, хот орох нь орж амь амиа болгоод байхад чухам яагаад энд ноос, ноолуур, мал махаа хоршоондоо нийлүүлэх болов? Тэднийг юу нэгтгэв?  гэдгийг ухаж мэдэхийг оролдлоо. Миний анзаарснаар хувь хувьдаа малтай өрхүүд нэгдэж нийлэхийн учир хоёрхон хүчин зүйлд баригдаж байгаа бололтой.
Нэгдүгээр хүчин зүйл буюу Б.Авирмэд дарга.  Аливаад хүний хүчин зүйл чухал гэдгийг   бишгүйдээ нэг уншиж, сонсож амьдарлаар мэдсэндээ бид.
Энэ хоршооны унах, босохын зааг 1995 онд нутгийн унаган хүү малын их эмч Б.Авирмэдэд хоршооны  хамт олон нь биднийг “удирдаад яваач” гэсэн санал тавьсанаас хойш эдүгээ 15 жил болжээ. Авирмэд дарга ажил аваад хөрөнгө хогшлоо хуваасан, зөөсөн, эрх зүйн орчин тодорхой бус, ашиг орлогоо гишүүддээ хуваарилдаггүй, итгэлцэл муутай үеийг /1993-1995 он/ гишүүдийн хувь хөрөнгө нь тун тодорхой, хоршоо гишүүн хоёр харилцан үүрэг хүлээсэн, ил тод, итгэлцэл бий болгосон, хоршоонд хувь хөрөнгө ихтэй гишүүн түүнээ барьцаалан зээл авах эрхтэй, ногдол ашиг авдаг байх зарчмуудыг нэвтрүүлжээ. Хоршооны гишүүд жижгэвтэр контортоо хивс дэвсэж байгаад л завилж суугаад өглөөнөөс орой болтол хуралдаж данс тооцоогоо нийтээрээ  нийлж аваад санаа нь амардаг. Хуралдаан бүр  хамтарч ажиллах, хамтын хүчний давуу талыг ухааруулсан сургалт болдог байсан гэнэ. Авирмэд даргын зарим нэг “философ”-оос дор дурдвал:

Хоршоо бол малчин гишүүдийнхээ язгуур эрх ашгийг л хамгийн түрүүнд хангах ёстой. Тэрхүү язгуур эрх ашиг бол мал, мал аж ахуйн түүхий эдээ өндөр үнэд хүргэх явдал. Манай хоршоо ингэж чадаж байгаа.
Манай хоршооны ноолуур Улаанбаатарын ченжүүд бөөнөөр авдаг үнээс илүү үнээр борлогддог. Итгэлтэй түншүүддээ ноолуураа ноос шиг жингийн цуваагаар тооцож өгчөөд явж байх сайхан шүү. Хүмүүсийн итгэлцэл гэдэг мөнгөөр хэмжигддэг эд биш.
Бид түүхий эдээ гишүүдээсээ авсан үнээр бус борлуулсан үнээр нь тооцож эцсийн тооцоо хийдэг. Энэ хоёрын зөрүүг “үнийн зөрүү” гээд байгаа юм.
Хяналтын зөвлөлийг жинхэнээр нь ажиллуулах ёстой. Үнийн зөрүү ба ашиг хуваарилалт, гишүүдийн үүргийн биелэлт зэргийг том самбар дээр гишүүн болгоноор гаргаж үнийн зөрүү ба ногдол ашигаа нээлттэй ил тод чин шударгаар хуваарилж байгааг ойлгуулах нь хамгийн чухал.
Манайд санхүүгийн хуурамч тайлан гэж байдаггүй. Хуурамч тооцоо хийвэл гишүүд ойлгох ч үгүй бөөн бантан болно. 200 өрх, 300 гишүүнтэй гэхэд манай хоршоо сумынхаа татварт багагүй мөнгө тушаадаг.
Нэг удаа ноолуураа баруун хилээр төмөр доор нуугаад гаргасан чинь цуг яваа хоршооны хяналтын зөвлөлийн гишүүн хууль бус үйлдлийг зохиох байгууллагад хэлнэ гээд, /бүр хэлсэн шүү/ бөөн асуудал босч билээ.
Алс хязгаар гэсэн сул тал нь одоо хоршооны давуу тал болчихоод байна. Бид сул талаа давуу тал болгосон.
"Буян-Ундрал" хоршооны амжилтын хүчин зүйлсийн номер нэг нь хоршооны дарга Б.Авирмэд гэдэгтэй тэнд маргах хүн алга. Харин хоршооны дарга Авирмэд гэдэг хүнгүйгээр энэ хоршоо цаашид явах болов уу? гэсэн бодол надад үе үе орж ирж байсны хариуг эцэст нь хэлье.

Хоёрдугаар хүчин зүйл буюу хамтран ажиллах тогтолцоо. Дансандаа улаан мөнгөгүй байсан хоршоо 15 жилийн дараа хамтын хүчээр хөдөөдөө л томд тооцогдох хоршооны үйлдвэрлэлийн байр, дэлгүүрийн барилга гээд хоёр том объектийг өөрсдийн хүч хөрөнгөөр барьж, нийт хугацаанд 15 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийж мөн хэмжээгээр гишүүддээ үйлчилгээ үзүүлсэн нь яах аргагүй хамтын хүчний давуу тал.
Хамгийн том, үнэ цэнийг нь тооцоход төвөгтэй нэг бүтээл бол  хамтран ажиллах бүхэл бүтэн тогтолцоо бий болсон явдал юм. Хамтран ажиллах энэ тогтолцоо бий болоход шулуун дардан зам байгаагүй, олон удаагийн тайлангийн хурал гишүүдэд сургалт болсон.
Манай малчид ганц нэг өрхөөр амьдрах нь нийтлэг. "Буян Ундрал" хоршоо малчдад нийгэм, хамт олонтойгоо харилцаанд орж хариуцлага хүлээх, нийгэмших тэмүүлэлийг үйл ажиллагаагаараа хангаж,  хоршоо өөрөө  “Хоршоо сургалт” болсон байна.  Хоршооны гишүүд  хаяа нэг гишүүдийн хуралд сууж, асуудалд хандах хандлагын харилцаанд орж, бие биеэсээ сонсож, сурч, хэн яаж аяглахыг харж үнэлэлт дүгнэлт өгөх нь тэр чигтээ л амьдралын их сургалт. Бөглүү монголын ичэмхий бүдүүлэг, хувиа хичээсэн иргэнийг төлөвшүүлэх том сургалт, хүн гэдэг амьтан ганцаар хувиа борлуулах биш, хамт олныхоо өмнө, нийгмийн өмнө хүлээх хариуцлагатайг ойлгуулах ойртуулах нь ерөөс Монголчууд бид хөдөөгийн иргэнээ төлөвшүүлэхэд оруулж байгаа нэгэн томоохон хөрөнгө оруулалтын эхлэл гэж үзэхээр байна.
"Буян-Ундрал" хоршооны ирээдүйн тухай.   Хоршооны амжилт тогтолцоондоо биш удирдаж байгаа хүндээ байгаа юм биш биз?  Хоршооны дараагийн удирдлага хэн болох бол? Удирдлага өөрчлөгдсөнөөр ямар өөрчлөлт гарах бол? Эдгээр асуудлууд санаан дотор эргэлдэж, эргэлзээ төрүүлж байсныг дээр цухас дурдсан.
Нөгөө талаар манлайлагчийн  тухай сүүлийн үеийн олон номын дотор давхцаад байдаг манлайлагчийн шинж чанарын тухай ойлголт санаанд орж байна. Юу гэхээр манлайлагч цагаа болохоор явж чаддаг байх ёстой, манлайлагч явсны дараа хамт олон нь “угаасаа бид л хийж байсан шүү дээ” гэж боддог, ажил явдгаараа л явж байх ёстой  ийм нэг шинж чанар юм. Энэ талаас нь "Буян-Ундрал" хоршооны удирдлагыг шинжээд үзсэн чинь шалгуур дааж байнаа. Яасан гэхээр Авирмэд даргагүйгээр хоршооны худалдаа үйлчилгээ, түүхий эд бэлтгэх асуудлууд явдаг болоод бас хэдэн жилийг элээчихэж. Байнга ажлаа хийж байгаа гүйцэтгэх захирал Ирээдүй тэргүүтэй хоршооны удирдлагын багын хамт олон гар нийлээд ажлаа аваад явчихаж байгаа юм байна.  Авирмэд дарга аймгийн төвд амьдардаг болоод нилээд удчихаж, сард 1, заримдаа бүр 3 сард нэг удаа Дарив сумандаа ирэх нь энүүхэнд гэнэ. Хоршоо ерөнхийдөө хойч үеээ битүүхэн бэлтгэж байгаа, хойч үеэ хэнд залгамжлуулах вэ гэдгээ өөр хоорондоо байнга ярьж хэлэлцэж байдаг гэнэ. Авирмэд даргын хэлснээр өөрийг нь ажлаа өгсний дараа ч хоршооны  ажил дордохгүй гэнэ. Учир нь тэрээр хүнээс хамаардаггүй тогтолцоог хийгээд өгчихсөн, гишүүд маань ил тод байдал гэж, хурал гэж, хяналтын зөвлөл гэж юу байдгийг 15 жилийнхээ түүхээр суралцчихсан, хамгийн гол нь бид гишүүдийнхээ түүхий эдийг авсан үнээр нь биш эцсийн борлуулсан үнээс тооцдог тогтолцоог бий болгож тэдний язгуур эрх ашгийг нь хангасан гэж үзэж байна.
Хоршоонд учирч буй бэрхшээл. Өнөөгийн татварын бодлогоор бол одоохон манай хоршоо дампуурна. Малчид хүн амын орлогын татвараа төлчихөөд дараа нь хоршиж  бүтээгдхүүнээ зах зээлд борлуулсныхаа төлөө  дахиад л НӨАТ төлж татварын давхардал бий боллоо. Энэ нь хоршооны оршин тогтнох үндэсийг таслаад байна. Ийм нөхцөлд малчид хоршиж ажиллах ямар ч үндэсгүй, хоршсоныхоо төлөө хожих биш хохирох механизм 2007 оны татварын хуулийн өөрчлөлтөөр бий болчихлоо. Хуурамч тайлан гаргаж үзээгүй  манайх шиг шударга хоршоонд, малчин гишүүд нь хүн амын орлогын татвараа төлчихсөн байхад дахин НӨАТ авдаг одоогийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг хоршооны удирдлага,  хамт олон хэлж байна. Тэд төр засгаас өөр юу ч хүссэнгүй. Ерөөсөө татварын орчноо эргээд нэг харчих, бусдыг нь бид өөрсдөө хийгээд ирсэн, хийх ч болно гэсэн бодолтой эдний хамт олон цаанаа л нэг ажилсаг, жавхаалаг, зовхи нь өөдөө байна билээ.
Төгсгөлийн оронд.  Мөнх цаст Сутай хайрханы өвөр бэлд орших багахан энэ сумын нэрийг Дарив гэх. Дашрамд сонирхуулахад Дарив гэдэг нь “Дариваа хээр” гэдэг омголон морины нэрнээс эхтэй, харин хил залгаа Ховдын Дарви сум байдаг. Хоёр адил нэртэй сумын бичих ёсонг нь анзаараарай, Дариваа хээрийн нутгаас төрсөн  малчдын хоршоо нь даяр Монголын хөдөөх унтаа хоршоодыг дариваж байна даа гэсэн сэтгэгдэл тээсээр бид буцлаа. Үнэхээр энд нэг юм байна шүү хүмүүсээ.
Энэ жил хатуу өвөл, хүнд хавар болсон хэдий ч  Алтай нутаг цагийн эрхээр уясч байна лээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ДОКТОР(Ph) Л.ЭРХЭМБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж