Гуравдагч хөрөнгө оруулагчаар Японыг сонгожээ | News.MN

Гуравдагч хөрөнгө оруулагчаар Японыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Гуравдагч хөрөнгө оруулагчаар Японыг сонгожээ

Гуравдагч хөрөнгө оруулагчаар Японыг сонгожээ
Цөмийн энергийн газрын цө­мийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгалантай ярилцлаа.

-Танай хэлтэс цацраг идэвхт ашигт малтмалын геологи, уул уур­­хайн болон лицензийн асуудлыг хариуцдаг. Цацраг идэхт ашигт малтмал буюу ураны хайгуул болон ашиглалтын лицензтэй хичнээн аж ахуйн нэгж байгууллага байгаа вэ?

-Энэ асуултад хариулахын өмнө  товч хэдэн үг хэлэхийг хүсч байна. Цө­­­­мийн энергийн тухай хуулийг  2009 оны наймдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр мөр­дөж эхэлсэн. Үүнтэй хол­бог­дуулан Эрдэс баялгийн сайдаар ах­­луу­л­сан ажлын хэсэг гарч,  Ашигт малтмалын газраас цацраг идэвхт ашигт малтмалын орд, ил­рэл бүхий талбайтай холбогдох бү­хий л материал, кадастр, тайлан, төлөв­лөгөөг манай агентлагт шилжүүлсэн. Хам­тарсан ажлын хэсэгт манай агент­лаг болон Ашигт малтмалын газ­рын төлөөлөгчид орсон. Цөмийн энер­­гийн тухай хуулийг дагаж мөр­дөх журмын тухай хуульд 2009 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор аж ахуйн нэгжүүдийн тусгай зөв­шөөрлийг шинэчлэн бүртгэж ол­гох тухай заасан. Энэ хуулийг хэрэг­жүүлэхийн тулд манай агентлаг түр журам гаргаж, өмнө нь олгосон лицензүүдийг түр хүчингүй болгож, шинэчилсэн байдлаар бүрт­гэл явуулж, зөрчил дутагдалгүй газ­руудын тусгай зөвшөөрлийг дахин олгосон. Өөрөөр хэлбэл, урьд нь Ашигт малтмалын хуулийн дагуу ол­­го­сон лицензийг түр хугацаагаар хүчингүй болгож, Цөмийн энергийн хуулийн дагуу дахин олголт хийсэн. Ашигт малтмалын газраас 27 аж ахуйн нэгжид холбогдох 164 лиценз буюу мэргэжлийн хэллэгээр талбайг  манайд шилжүүлэн өгсөн. Шинэчилсэн бүртгэл хийхийн өмнө бид лиценз эзэмшигч бүх аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Манайх нийт 20 гаруй аж ахуйн нэгжийн 140 лицензийг шинэчлэн бүрт­гэж, Цөмийн энергийн хуулийн нөх­­­цөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид лиценз олго­сон. Өнөөд­рийн байдлаар 18 аж ахуйн нэгжид  130 тусгай зөв­шөөрөл олгоод байна.

-164 лиценз ирснээс 130-д нь буцаан олгосон юм байна. Үлдсэн ли­цен­зийг нь цуцалж, хүчингүй болгосон  гэж ойлгож болох уу?

-Бүгдийг цуцалсан гэж ойлгож бо­лохгүй.  Зарим нэгэн аж ахуйн нэг­жийн тусгай зөвшөөрөл Ашигт малт­малын газраас түдгэлзүүлсэн байд­лаар ирсэн. Үүнтэй холбоо­тойгоор цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг  хүчингүй бол­го­­сон. Гэхдээ энэ нь цөөн л дөө. Түүнчлэн одоо хэр нь асуудал нь шийдэгдээгүй аж ахуй нэгжүүд бас байгаа.

-Бүгд ураны хайгуулын лиценз үү. Ашиглалтын лицензийг хэзээ­нээс олгох вэ?

-Манай агентлагаас олгосон 130 лиценз бүгд хайгуулынх. Ашиглалтын лиценз одоогоор огт олгоогүй. Хуульд ашиглалтын тусгай зөвшөөрлийг ол­гохын тулд 1-6 сарын хугацаанд хянан үзэж шийдвэрлэх ёстой гэж заасан. Энэ хугацаа тавдугаар сарын 15-наас дуусгавар болно.

-Энэ сарын 15-наас ашиг­лалтын лиценз олгож эхэлнэ гэсэн үг үү?

-Хуулийн хугацаа тийм боловч зарим нэг компанийн зүгээс манай агентлагтай маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул тэдний асуудал  шийдэгдтэл хүлээзнэхээс ар­га­гүй болов уу. Энэ нь хэдий хүртэл үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна.

-Лицензээ авч чадаагүй, шүүхэд хандсан компани гэж та “Хан ресорсез”, “Төв Азийн уран” ХХК-иудыг хэлж байна уу. Тус компанийн лицензийг олгохоос тат­галзсан үндэслэл чухам юу байв?

-Хэд хэдэн шалтгаанаар лицен­з олгоогүй. Өнгөрсөн оны дө­рөв, долдугаар сард Мэргэж­лийн хянал­тын байгууллага, Ашигт малтмалын га­­зар, Тагнуулын ерөнхий газар, цө­мийн болон цацрагийн хя­нал­­тын улсын байцаагч нар хамтран Дорнод монголын талд үйл ажил­­лагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгасан юм билээ. Цөөнгүй компаниудаас зөр­чил дутагдал гарч, тодорхой хуу­лийн заалт мөрдөөгүй болохыг ил­рүүлж мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан ёсны дүгнэлт гарсан. Үүнд “Хан ресорсез” ком­панийн 9282Х дугаар бүхий хай­гуулын лиценз, 237А тоот ашиглалтын лиценз багтсан. Тиймээс өнгөрсөн оны долдугаар сард АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын тушаалаар  237А тоот тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн байсан. Тус компани Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн байсан. Энэ зөрчлөө өнөө хэр арилгаагүй учраас бид тусгай зөвшөөрлийг нь олгоогүй. 237А лиценз эзэмшигч “Төв Азийн уран” компани бол “Хан ресорсез”-ийн охин компани. Тус компанийн 58 хувийг “Хан ресорсез”, 21 ху­вийг Оросын компани, 21 хувийг  Мон­голын төр эзэмшдэг. Энэ компани анх 1997 онд ашиглалтын лиценз авснаас хойш өнөөг хүртэл олборлолт явуулаагүй. Газрын хэвлийн тухай хуулинд зааснаар лиценз авснаас хойш гурван жилийн дотор тухайн газартаа олборлолт явуулах учиртай. Түүнчлэн ашиглалтын лиценз авахын өмнө тухайн орд газрын нөөцийг бүртгүүлсэн байх учиртай. Энэ мэт шалтгаанууд бий л дээ.

– “Хан ресорсез” ХХК-аас гадна одоогоор лицензээ буцаан авч чадаагүй 30 аж ахуйн нэгж бий. Тэднээс гомдол санал гаргасан компаниуд бий юү?

-Бидний татгалзсан шалтгаан хөдөлшгүй баримттай учир гомдол гаргасан өөр компани байхгүй. Компаниуд зөрчлөө арилгах талдаа анхаарах байх гэж итгэж байна.

-Засгийн газрын мөрийн хө­төл­бөрт ураны орд газрыг эдийн зас­­гийн эргэлтэд оруулна гэсэн заалт орсон. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал…?

-Монгол Улсын ураны үндсэн нөөц нь Дорнодод хамаарагддаг. Дор­нодын бүлэг орд гэж нэрлэдэг. УИХ-ын 1997 оны 27 дугаар тогтоолд Дорнод, Гурванбулаг,  Мардайн ор­дыг стратегийн ордод тооцсон бай­даг. Тэгэхээр ураны орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг Дорнодын бүлэг ордынхоо нөө­цийг баталгаажуулж, гадны хөрөн­гө оруулагчидтай хамтран уран ол­­­бор­­лохоор мөрийн хөтөлбөрт заа­­­сан. Цаашилбал цөмийн түлш бо­ловсруулах зорилт тусгагдсан. Үүний нэг жишээ бол ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.

-“Хан ресорсез”ХХК-ийн гомд­лын сэжүүр нь оросуудтай нийлж, зах зээлээс шахлаа гэсэн гомдол байгаа л даа. Та сая ураны салбарт ОХУ-тай хамтран ажиллана гэлээ. Хоёр улсын хамтарсан “Дорнод уран” компани байгуулах ажил ямар шатандаа яваа вэ?

-“Хан ресорсез” ХХК-д лиценз олгоогүй шалтгааныг дээр өгүүлсэн болохоор дахин нуршаад яахав. “Дорнод уран” компанийн асуудал ойрын хугацаанд шийдэгдэнэ. “Дор­нод уран” компани байгуулах үндэс­лэл, гэрээ зэргийг танилцуулах үүрэг манай агентлагт ногдож байгаа. Ойрын хугацаанд Засгийн газрын хурал­даанаар оруулах байх. Компани байгуу­лах ажлыг манай агентлаг, ОХУ-ын “Рос атом” корпораци хариу­цаж явуулах үүрэгтэй.

-“Дорнод уран”-д Монголын талын хувь 51-ээс бага­гүй байх ёстой. Тэгэхээр аль болох илүү хувь эзэмших талаар анхаа­рах уу?

-Цөмийн энергийн хуулийн тавдугаар зүйлд “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт төрийн эзэм­ших хувь хэмжээ 51-ээс доошгүй бай­на” гэж заасан. Тэгэхээр манайх 51 хувийг бол баттай эзэмшинэ. Бүр үнэ төлбөргүй эзэмшинэ гэж то­­дот­­гон заасан байгаа.  Харин түү­­­­­нээс дээш байх эсэхийг гэрээ хэлэл­цээрийн үед шийднэ. Ер нь бол ма­най улс хэдийчинээ хувь эзэмшинэ төдийчинээ үүрэг хариуцлага үүрч, ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бид өнөөдөр ОХУ болоод гуравдагч хөрөнгө оруулагчдын ч саналыг сонсч байж шийднэ.

-“Дорнод уран”-д гуравдагч тал орол­цох боломжтой юу. Гуравдагч хөрөнгө оруулагчаар аль улсыг сон­гох бол?

-Гуравдагч тал байж болно гэсэн заалт хэлэлцээрт  бий. Гуравдагч талд аль нэг улсыг нэрлэж заагаагүй хэдий ч бид албан бусаар Япон улсыг гуравдагч стратегийн хөрөнгө оруу­лагч байхаар тогтоод байгаа.

-Японоос өөр улсаас санал ир­вэл яах вэ. Тухайлбал, Канад, Франц гэхчилэн манай ураныг сонир­хогчид олон шүү дээ?

-Саналыг хүлээн авна. Бид судалж үзэх болно. Гэхдээ Францын “Арево” ком­пани Дорноговь аймгийн нутагт нэлээд томоохон талбайд хайгуул хийж байгаа. Тэгэхээр “Дорнод уран”-д бол санаархахгүй байх.

-Урд хөршийнхөн маань сонир­холтой байгаа нь мэдээж?

-Тэгэлгүй яахав. БНХАУ маш их сонирхолтой байгаа. Тэгэхээр хөрш орнуудтайгаа ч ярилцахыг үгүйс­­гэхгүй. Манай улсын хувьд гео­политикийн хувьд хоёр хөрш орон­тойгоо хамтран ажиллах нь гарцаагүй асуудал шүү дээ. Энэ нь үндэсний эрх ашигт ч нийцнэ, гадаад бодлогын үнд­сэн зорилтод ч нийцнэ. Өмнөд, хойд хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд харил­цаж таарна. Энэ бол олон ний­тээс нууж, хаагаад байх асуудал биш. Гэхдээ одоохондоо идэвхтэй яриа хэлэлцээр эхлээгүй байна.

-“Хан ресорсез”-ийнхон талбай­гаа тийм ч амар “тавиад туучихгүй” байх. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт ч хийсэн  нь мэдээж?

-Бид тус компанид оруулсан хө­­рөн­гийнх нь тодорхой хэсгийг  нөхөн  ол­гох санал тавьсан. Тус компанийн асуудал шүүхээр нэг тийш шийдэгдэх байх аа. Тэр үед л тодорхой мэдээлэл өгөх боломжтой.

Д.Сура
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж