-Налайхын уурхайд хоёр жилийн өмнө дөрвөн иргэн дарагдаж, олон өдрийн дараа гаргаж байсан. Гэтэл саяхан 70 метрийн гүнд хоёр хүн дарагдаж амиа алдлаа. Уурхай гэж нэрлээд байгаа амнууд хэний мэдэлд байдаг юм бэ?
-Монгол Улсад хувиараа ашигт малтмал олборлогч иргэд 1995 оноос бий болсон. Уурхайг 20 жилийн өмнө хаасан гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Үргэлжлүүлж хайлт хийхийг хүссэн аж ахуйн нэгжид манай газар зөвшөөрөл олгосон.
-Аж ахуйн нэгж байдаг юм уу. Иргэн Дорж, Батын ам гэсэн нэртэй л байдаг юм билээ?
-Манай газар ашигт малтмал олборлох, хайх эрх хүссэн иргэнд зөвшөөрөл олгож байгаагүй. Хуулиндаа ч тийм заалт байхгүй. Хуулийн этгээдэд л лиценз олгодог. Би тусгай зөвшөөрлийн асуудал хариуцдаггүй ч албан бус тоо байна. Налайх дүүрэгт зөвхөн нүүрс олборлох бус барилгын материал элс, хайрга, шавар олборлох зөвшөөрөлтэй 105 аж ахуйн нэгж байна. Үүнээс 37 нь нүүрс олборлох зөвшөөрөлтэй.
-Аж ахуйн нэгж юм бол яагаад хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангадаггүй юм бэ. Танайх үүнд анхаарал тавьдаг уу?
-Тусгай зөвшөөрлийн талбай дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй, зөвшөөрөлтэй хэрнээ аюулгүй ажиллагааг зөрчиж байгаа үйл ажиллагааг хууль бус гэж үзнэ. Одоо гараад байгаа энэ асуудлууд бүгд хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй.Харин малтмалын газар хууль бус ажлыг зохицуулах үүрэггүй. Харин ашиглалтын болон хайгуулын эрх эзэмшиж байгаа үйл ажиллагааг зохицуулах, тухайн салбарын хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Хууль бус үйл ажиллагааг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага таслан зогсоож, мэргэжлийн хяналтын байгууллага хянах үүрэгтэй.
-Мэргэжлийн хяналтын байгууллагад уурхайн үйл ажиллагааг нь зогсоох, хаах эрх байдаг юм уу. Акт үйлдэхээс хэтэрдэггүй бололтой?
-Тэдэнд эрх байхгүй бол өөр хэнд эрх байна гэж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт геологи, уул уурхайн асуудал хариуцсан алба байгаа. Байцаагчийн дүгнэлтээр төрийн байгууллага эцсийн шийдвэр гаргадаг.
-Хүн амьдралаа залгах гэж тэр ам руу орж байгааг харахад ч хүнд юм билээ. Хэзээ, хэн ч ороод амь насаа алдахад бэлэн нөхцөл тэнд бүрдээд удаж байна. Ашигт малтмалын газар энэ байдлыг цэгцлэх ёстой мэт санагдах юм?
-Хуулиндаа Доржид лиценз олгож болно өөр хүнд болохгүй. Батын эзэмшиж байгаа эрхийг Доржид өгнө гэсэн зүйл заалт байхгүй. Хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн хүнд ашигт малтмал олборлох, хайгуул хийх эрхийг нь өгдөг. Лиценз цуцалснаар хүний амь нас хохироод байгаа асуудал зогсохгүй.
-Ер нь ямар тохиолдолд лицензийг цуцалдаг юм бэ?
-Лиценз цуцалснаар энэ асуудал шууд зохицуулагдахгүй. Лиценз эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримт бичгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга лиценз эзэмшигч болон барьцаалагчид дүгнэлтийн тухай мэдэгдэж лицензийг цуцална. Лиценз эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн байдлаа алдсан, төлбөл зохих лицензийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу заасан хугацаанд лицензийн төлбөр, алданги төлөөгүй үед цуцална гэх мэт таван зүйл байдаг. Хуулинд хүний амь нас хохирсон үед цуцална гэсэн зүйл заалт байдаггүй.
-Монгол Улсад уул уурхайн аврах алба ганцхан байдаг. Тэр нь Налайхад байгаа нь тэнд ямар аюултай байгааг харуулаад байх шиг санагдах юм?
-Уул уурхайн аврах анги 1953 онд байгуулагдсан. Тухайн үед 2010 онд Налайхад осол их гарна гэж байгуулаагүй болов уу.
-Уул уурхайн судалгааны ажлыг хариуцаж байгаа хүний хувьд танаас нэг зүйл асуумаар байна. Налайхын уурхайг энэ чигээр нь ажиллуулсаар байх уу, цаашид яах ёстой юм бэ?
-Бид хяналт шалгалт, судалгаа хийсний дараа асуудлыг ярилцах бодолтой байна. Өмнө хийсэн судалгаагаа харьцуулж ямар өөрчлөлт гарсан, байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоох учиртай. Хууль бусаар ажиллаж байгаа газраас гадна хууль журмын дагуу ажлаа хийж байгаа олон хүн байгаа учир ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
Х.Сүрэн