“Бавари” аваргын бамбайгаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

“Бавари” аваргын бамбайгаа гардан авлаа

Германы хөлбөмбөгийн улирлын сүүлийн өдөр доод лиг рүү унах нь тодорхой болсон “Герта Берлин”-г 3:1 харьцаатай буулган авснаар “Баейрн Мюнхен” Бундеслигийн аваргын бамбайг 22 дахь удаагаа хүртлээ. Лигийн эцсийн тоглолтын өмнө “Шальке 04”-өөс гурван онооны давуугаар лигийн хүснэгтийг тэргүүлж байсан “Бавари” өнгөрсөн шөнийн тоглолтод Ивица Олич, Арьен Роббен нарын гоолын ачаар өрсөлдөгчөө талбайд нь төвөггүй хожсон байна.
Бундеслигийн шинэхэн аваргууд энэ сарын 15-нд Германы цомын төлөө “Вердер Бремен”-тэй тоглох бөгөөд мөн 22-нд Европын хөлбөмбөгийн тэргүүн цомын тэмцээн болох Аваргуудын лигийн финалд Италийн “Интер Милан”-тай цом булаалдах учиртай. Харин өнгөрсөн шөнийн “Бавари”-ийн тоглолтыг “Интер”-ийн дасгалжуулагч Жозе Моуриньо үзэж сонирхсон нь олны анхаарлын төвд байна. Баваричууд тоглолтын дараа шар айраг мөргөлдүүлж, ялалтын баяраа тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр дасгалжуулагч Луи ван Гааль “Бид ялалт байгуулсан нь үнэхээр чухал хэрэг. Бид хамгаалалт, довтолгооны хувьд ямар ч асуудалгүй байж, Бундеслигийн аварга боллоо” гэжээ. Сонирхуулахад, шагнал гардуулах ёслолын үеэр “Баейрн Мюнхен”-ий ивээн тэтгэгчдийн нэг болох шар айраг үйлдвэрлэгч “Пауланер” 10 мянган литр пиво үнэгүй тараасан байна.
Европын бусад лигүүдээс ялгаатай нь Бундеслиг 18 багтай учир 34 тойргийн тоглолт явагдаж, эрт өндөрлөдөг бөгөөд “Бавари” энэ улирлыг 70 оноотой өндөрлүүлж байна. Харин тэдний араас нэхэж байсан “Шальке 04” өчигдрийн тоглолтод “Майнц”-тай оноо хувааснаар 65 оноотой энэ улирлыг үдлээ. Харин лигийн хүснэгтийн гуравдугаарт “Вердер Бремен” шалгарч, ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авсан бол “Баейрн Леверкусен”, “Боруссия Дортмунд”, “Штутгарт” нар лигийн хүснэгтийн дөрөв, тав, зургадугаарт эрэмбэлэгдэж, Европын лигт өрсөлдөх болов.
Харин ирэх улиралд “Герта”, “Бохум” нар доод лиг рүү унах болжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж