Барилдаан Монголын цагаар 18.00 цагаас эхлэх юм.
Лондонгийн олимпийн эрх олгох цуврал тэмцээний анхных нь болох Тунисын гран-при тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчин өрсөлдөхөөр эх орноосоо мордсон билээ. Манай тамирчдын салхийг тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-ын жингийн ангилалд Б.Хишигбаяр, Д.Дөлгөөн нар барилдсан юм. 66 кг-ын жинд хүч сорьсон Д.Дөлгөөн эхний тойрогт Португалийн бөх Владимир Олейничид цэвэр ялагдсанаар тэмцээний дуусгасан бол эхний тойрогт гоц мөргөсөн Б.Хишигбаяр дараачийн тойрогт Испанийн Хавьер Делгадотой барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсн байна. Харин Ч.Болдбаатар 60 кг-ын жинд барилдаж, Азербайжаны бөх Вугар Ширинли, Узбекистаны Габит Эсимбетов нарыг дараалан цэвэр ялсан боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Масаки Фукуокад ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг шагналт тавдугаар байрын эзэн болсон байна. Тус жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай жүдочэхний тойрогт хийлж, дараагийн барилдаандаа Украйны тамирчин Тетьяна Лусниковад цэвэр ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ.
Харин өчигдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Пүрэвдорж, 81 кг-д Б.Амбасэлмаа, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар зодоглосон. Эхний тойрогтоо гоц мөргөсөн Ц.Мөнхзаяа дараагийн барилдаанаа Японы бөх Кана Абегийн эсрэг хийж, хоёр юүко үнэлгээгээр ялсан бөгөөд медалийн төлөө Словенийн тамирчин Урска Золнирт ялагдаж, шагналт байрт шалгарчээ. Харин Г.Пүрэвдорж Гүржийн бөх Мачарашвили Арсена, Казахстаны Ринат Ибрагимов нарыг дараалан ялсан боловч гуравдугаар тойргийн барилдаанд Польшийн бөх Томаш Адамьечид ялагдсан бол Б.Амбасэлмаа эхний тойрогт зохион байгуулагч Тунисын бөх Мед Фадхел Газоуаниг ялж, дараагийн барилдаандаа Украйны Артем Васыленкод цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Холбоотой мэдээ