Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зарим нэгэн халамжийг зогсоосон. Тэдгээрийн нэг нь шинээр гэрлэсэн хосуудад нэг удаа олгодог 500 мянган төгрөг юм. Энэхүү халамжийг 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн шинээр гэрлэсэн хосуудад олгох болсон. Гэсэн ч энэ нь хуурамч гэрлэгсдийн тоог нэмэгдүүлж, төсөвт ихээхэн дарамт учруулах болсон тул энэ оноос эхлэн шинэ гэрлэгсдийн мөнгөн тэтгэмж олголтыг зогсоосон.
Гэхдээ дээрх шийдвэр гарахаас өмнө буюу 2009 оны арванхоёрдугаар сард багтаж, өргөдлөө гарган материалаа бүрдүүлж өгсөн хосуудад 500 мянган төгрөгийг нь олгохоор болж, төсвийн тодотголд суулгасан байна. Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-иар хэлэлцсэн бөгөөд үндсэндээ дэмжигдэж, хоёр дах шатны хэлэлцүүлгийг нь УИХ дах байнгын хороодоор хэлэлцүүлэхээр болсон. Иймд төсвийн тодотгол батлагдсаны дараагаар энэ оноос өмнө шинэ гэрлэлтээ батлуулж, мөнгө авч чадаагүй хосууд 500 мянган төгрөгөө авахаар болж байна.
Д.ЦЭЭНЭ
Холбоотой мэдээ