Москвад оюутны сагсан бөмбөгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Москвад оюутны сагсан бөмбөгийн тэмцээн болно

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудын дунд энэ сарын 9-10-ны өдрүүдэд  агуу их ялалтын 65 жилийн ойн баярт зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Монгол оюутны хөгжлийн төв, Монголын оюутны спортын холбоо хамтран тус тэмцээнийг ОХУ-ын улс түмний найрамдлын их сургуулийн (РУДН) спортын танхимд явуулах аж.  Тэмцээнд эхний 3 байр эзэлсэн эмэгтэй, эрэгтэй баг тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, эдгээр гурван байгууллагын хүндэт өргөмжлөл, үнэ бүхий зүйлсийг гардуулах аж. Мөн эмэгтэй, эрэгтэй тэргүүний тоглогчдыг шалгаруулах юм байна.

Одоогоор тус тэмцээнд Москва, Санкт Петербург, Екатеринбург, Ростов, Тамбов зэрэг хотын их, дээд сургуулийн 30 орчим багийн 200 гаруй оюутан тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа амжилттай хангаж байгаа тухай Монголын ЭСЯамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Н.Чимэг МОСХолбоонд мэдээлсэн байна.

Сонирхуулахад, өнгөрсөн 2009 онд Монгол улсын БТС-ын хууль, Засгийн газрын тогтоолын дагуу Москва хотноо тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болсон Монголын оюутны спортын 2 дугаар их наадмын гадаадын бүсийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон эрэгтэй 15 багаас Б.Гантүшиг ахлагчтай ФСБ –ийн сургуулийн баг, эмэгтэй 9 багаас Ө.Болор-эрдэнэ ахлагчтай Ростов хотын оюутны баг тамирчид тэргүүн байрыг эзлэн, их наадмын алтан медалийн эзэд болж байсан юм.

Б.Энх
               
        
                    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж