Амай Ерөнхийлөгчтэй “мэндчилэв”

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Амай Ерөнхийлөгчтэй “мэндчилэв”

Дэлхийг тойрсон аялалд гарсан Амай өчигдөр эх орондоо ирлээ гэж блогтоо бичсэн байна. Түүнийг Замын-Үүдэд ирэхэд аав, найз нар болон Замын-Үүдийнхэн тосч авчээ. Тэрбээр өчигдөр Сайншандад байна гэж блогтоо бичжээ. Амай дэлхийг тойрох үүргэвчтэй аяллаар 54 долоо хоног буюу дөрвөн жил аялаад эх орондоо ирж байгаа. Дэмжигчдийнх нь өгүүлж байгаагаар бол Амай тавдугаар сарын 16-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд ирнэ. Явсан газар нутаг болгонд нь тухайн улсад амьдардаг монголчууд тосч уулздаг байсан шиг Сүхбаатарын талбайд ч түүнийг дэмждэг, блогоор нь зочилдог хүмүүс тосч уулзаж, аяллынх нь сонин хачнаас сонсох гэж хүлээж байгаа аж. Дашрамд сонирхуулахад Амай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Өвөрмонголд далбаагаа барин угтсан юм. Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж айлчлалынхаа сүүлийн өдөр тэрбээр Өвөрмонголын малчин айлд зочилсон. Хөххотоос хөдөлсөн Ерөнхийлөгчийн цуваа Эрээн хотыг чиглэх үед жижигхэн суурингийн замд нэгэн залуу Монгол Улсын далбаагаа барин гар даллан мэндчилж зогссон нь Амай байлаа. Нарийн цагийн хуваариар, тусгай хамгаалалттай жирэлзэн давхисан цувааныхан Амайг төрийн далбайгаа барин зогсохыг хараад зөвхөн хариу даллаж л амжлаа. Тусгай хамгаалалттай цувааныхан “Болдог бол түр зогсоод Амайгаа аваад явах сан” гэж халаглаж байлаа. Интернэтээр байнга мэдээлэл авч байдаг Амай Ерөнхийлөгчийн цуваа дайран өнгөрөх замыг товлон хүлээн зогсч байсан бололтой. Ядаж байхад хятадууд майн баяр тэмдэглээд хилээ гурав хоног хаачихсан үе таарсан. “Амайгаа Ерөнхийлөгчийн  тусгай вагонаар аваад ирсэн бол…” гэж Ерөнхийлөгчийн дагалдагсад баахан шогшроод л өнгөрөв.

А.ТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж