“Монреал Канадианс” цувралыг тэнцүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

“Монреал Канадианс” цувралыг тэнцүүллээ

“Монреал”-ын талбайд эхэлсэн өнөөдрийн тоглолтын өмнөх үр дүн 2:1-ээр зочин баг “Питсбург”-ийн талд байлаа. Тийм учраас талбайн эздэд хожлоос өөр юу ч хэрэггүй байв. Тэр ч утгаараа “Канадианс” багийн Том Пьятт нэгдүгээр үеийн гурав дахь минутанд Трэвис Моены дамжуулалтаар гоолдож, гоолын салхийг хагалсан ч харамсалтай нь хаалгач Халак эхний үед л хоёр шайб хаалгандаа алдсан юм.
Дөрөв дэх минутад Макс Талбот, зургаа дахь минутанд Крис Куниц нэг хүний давуу байдлаа ашиглан Сидней Кросбигийн дамжуулалтыг чулуу болгосноор өнгөрсөн жилийн аваргууд илүү гарчээ.
Хэрэв өнөөдөр “Монреал” хожигдвол цуврал 1:3 болж холдох бөгөөд ингэснээр “Питсбург”-ийг дараалан гурав хожно гэдэг хүнд болж ирэх байлаа. Тиймээс тэд гуравдугаар үеэс довтолгоогоо эрчимжүүлсний үр дүнд Максим Лапиере, Бриан Жионта нар эхний дөрвөн минутад л гоолдож, давуу байдлыг “Монреал Канадианс” багт авчирчээ.
Энэ тоглолтод “Питсбург” нийт 35 удаа, “Монреал” 25 удаа довтолгоо зохион байгуулагч цохилт гүйцэтгэсэн байна. Тэр дундаа хожигдож явсан “Питсбург” тоглолтын сүүлчийн минутад хаалгач Флейриг сэлгээнд суулган, зургаан тоглогчтой довтолсон ч Ярослав Халакийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй.
Халак 33 цохилтыг аюулгүй болгож, багийнхаа хожлын гол баатраар ээлжит удаагаа тодорлоо. Ер нь “Канадианс”-ын хаалгыг Халак манаж байгаа учраас тэдний таамаглаагүй амжилт үргэлжилсээр байгаа юм.
Өнөөдөр болсон хоёр дахь тоглолт бол өрнөдийн сонирхолтой тулаан “Сан Хосе Шаркс”, “Дэтройт Рэд Уингс” багуудын тоглолт. Цувралд 3:0 харьцаатай “Шаркс” илүүрхсэнээр мөсөн талбайд гарсан ч эхний үед Иохан Францений хийсэн хет-трикийн ачаар “Детройт” өрсөлдөгчөө илт давуу буулган авч нэр төрийн хожлоо байгуулсан байна.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж