Hyundai ашгаараа рекорд тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Hyundai ашгаараа рекорд тогтоожээ

Өмнөд Солонгосын хамгийн том автомашин үйлдвэрлэгч Hyundai корпораци 2010 оны дөрөвдүгээр улиралд хилийн чанад дахь худалдаагаар буюу экспортын ашгаар рекорд тогтоон, автомашин үйлдвэрлэлийн зах зээл дэх нөлөөгөө улам бэхжүүлжээ. Hyundai корпорацийн цэвэр ашиг 2010 онд 1,3 тэрбум ам.долларт хүрч, 2009 онтой харьцуулахад 48 хувиар өссөн байна. АНУ-д автомашины зах зээл сэргэж эхэлсэн нь Hyundai-ийн борлуулалтанд эергээр нөлөөлсөн бөгөөд Хятад улс төдийгүй шинээр гарч ирж буй зах зээлүүдэд ч борлуулалт сайтай ажилласан байна.

Одоогийн байдлаар дэлхийд үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтаараа тавдугаарт жагсаж байгаа Hyundai-ийн автомашинууд 2011 онд ч гүйлгээ сайтай байх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. Тус корпораци сүүлийн үед байгаль орчинд ээлтэй технологийг идэвхитэй дэмжиж, энэ ажлынхаа хүрээнд хос болон цахилгаан хөдөлгүүрт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж