Мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийн талбар болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийн талбар болох уу?

Тэмдэглэлт баяр уу тэмцлийн өдөр үү

Тэмдэглэлт  баяраараа
өөрсдийгөө муулалтай ч биш, төлөвлөснөөсөө хожуухан бичиж байгаа нь
тиймхэн л юм. Гэхдээ яахав дуугүй суугаад байж болохгүй нь ээ.
Хэдхэн өдрийн өмнөхөн албан бус нэрээр бол сэтгүүлчдийн баяраа тэмдэглэлээ. Албан нэр нь Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэх. Энэ өдрийг бусад оронд хэрхэн тэмдэглэдэг талаар сайн мэдэхгүй юм, харин манайд бол ний нуугүй хэлэхэд жаахан тиймхэн уламжлалтай болчихжээ. Ухаандаа энэ жил биднээс хэн маань ямар шагнал хүртэх бол гэх маягийн. Тэгээд тэр өдөр нь “манайд шагналын хур буулаа” гэсэн мэдээнүүдээр тэргүүн нүүрүүд дүүрч, аягүй бол тэр шагналуудыг нөгөө “дарга” нар нь гардуулах гээд гүйсэн дээ. Уг нь 5-р сарын 3 бол иргэдээс цалингаа гаргуулаад авчихдаг хэрнээ тэдний мэдээлэл авах эрхийг нь хаачихаад байгаа албан тушаалтнуудын зохисгүй үйлдлийн эсрэг бидний хийсэн тэмцэл маань ямар үнэтэй байж вэ гэдэг тооцоо гаргаад сууж байх өдөр гэж ойлгогдоод байдаг. Наанадаж шүү дээ. Цаана нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахын тулд ажил үүргээ гүйцэтгэж яваад хохирч хэлмэгдсэн хэвлэлийн ажилтнуудын эрхийг хамгаалан жагсаал ч хийж болох өдөр л гэсэн үг гэж ойлгож байна. Олон улсын хэмжээнд алагдсан, үрэгдсэн сэтгүүлдчийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, тулгамдсан асуудлаа ярилцдаг гэж хамт ажилладаг гадаад “нөхөр” хэлж байх юм. Харин Монголын хэвлэлийн орчинд энэ жил ямар ч байсан “Завхан”, “Өглөөний сонин” гэх хоёр сонины ажилтан эрхийнхээ төлөө тэмцсэн юм байна гэж ойлгогдоод л өнгөрсөн байх.
Энэ утгаараа дэвшүүлэх санал надад байгаа юм. Дараа жилийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр мэдээллийг иргэдээс хамгийн их нуудаг байгууллагыг “шалгаруулж” харин ёстой тэдэнд “шагнал” өгвөл яасан юм бэ. Бас хэвлэлийн эрх чөлөөнд халтай “шилдэг” шийдвэр гэсэн номинаци бий болгосон ч болж байна. Хэрэв санаж байгаа бол ойрмогхон УИХ-ын хэсэг гишүүд байнгын хорооны хурлыг сэтгүүлчдээс ангид “хийж” байх санал гаргаад тэр нь нэлээд өндөр авсан. Одоо ч УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд орсон байгаа сурагтай. Энэ шийдвэр биелэгдвэл хэвлэл мэдээлэлд халтай “шилдэг” шийдвэр номинацид тэргүүлэх найдвар байгаа шүү. Тэгээд зогсохгүй “хамгийн хаалттай байгууллага” номинацид манай парламентийг чамгүй дээгүүр “давхиулах” боломжтой болгоно.
Яагаад вэ гэхээр үнэн хэрэгтээ бол УИХ-ын Чуулган дээр яах ийхийн зуургүй товч дараад, алх тогшоод баталчихдаг хуулийн хамаг гол санааг сэтгүүлчид байнгын хорооны хурал дээрээс л илүү олж мэдэх боломжтой байдаг. / Энэ асуудлыг сөхөж “Үндэсний шуудан” сонин дээр Г.Отгонбаяр нийтлэл гаргасан /   Хэрэв сэтгүүлчдийн мэдээлэл авах энэ боломжийг хаах л юм бол олон нийтэд хуулийн гол санаа болоод зөрчил нь мэдээлэгдэх бараг боломжгүй болж байгаа юм.
 Бас ажлын хэсгийн хуралдаан ч гэсэн хуулийн бодлогын сайн мууг жинхэнэ тодруулж байдаг газар. Гэтэл саяханы жишээ гэхэд л галт зэвсгийн тухай хуулийн ажлын хэсгийн хуралдаан хаалттай болсон гэж байгаа. Гэтэл тэнд нь цагдаагийн ажилтнууд ямар үед ямар зэвсэг хэрэглэж болох тухай хуулийн төслийг хэлэлцээд өнгөрсөн байдаг. Яагаад энэ хуулийн хэлэлцүүлгийг олон нийт мэдэж болохгүй гэж… Тийм болохоор олон нийтийн мэдээлэл авах эрхийг “шилдэг зөрчигч “ номинацид өрсөлдөх боломж манай парламентад байна. Одоогоор харин энэ номинацид ширүүн өрсөлдөж байгаа өөр хэд хэдэн байгууллага ч бий. Ер нь ингэхэд жилийн турш эдгээр номинациар санал асуулга, судалгаа явуулж байгаад ирэх жилийн 5-р сарын 3-д шагнал гардуулбал ямар вэ ?

Мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийн талбар болох уу

Хүн гоочлох ч яахав, бидэнд бастэр судалгаа номинаци чинь хэрэг болоод ч байх шиг. Хэвлэлийн хүрээлэнгээс дурдаад байгаа тэмдэглэлт өдрөөр “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” гэсэн товхимол гаргасныг уншлаа. Хайсан зүйлээ л олсонгүй. Энэ ч тэдний буруу биш байх л даа. Ерөөсөө судалгааны тайлан гаргадаг уламжлал нь ийм байсаар ирсэн болов уу. Харин ирэх жил өөр нэг судалгаа нэмээсэй гэж хүсэх байна. Тэр нь юу вэ гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийн агуулга ямар байгаа талаар хийсэн судалгаа юм. Хайсан зүйл маань…
Би ийм судалгаанаас юу олж харахыг хүссэн бэ гэхээр хүчирхийллийн агуулгатай мэдээлэл хэр их явж байна вэ гэдгийг л олж харахыг хүссэн хэрэг. Донтойдоо биш, харин донтож мэдэхээр болсон учраас л …Минийхээр бол телевизээр гарч байгаа мэдээллийн наанадаж 20 хувь нь хүчирхийлэл байх шиг санагддаг. Арай ч багадуулчихав уу. Телевиз гэж онцолсны учир нь дээр дурдсан товхимол дотор 1999 оноос хойш мэдээллийг авах хамгийн түгээмэл хэрэгсэл нь телевиз болж ирсэн гэж дүгнэсэн учраас тэр юм.  Тэгэхдээ энэ хүчирхийллийг сурталчлаад байгаа асуудлыг юутай холбохоо л сайн мэдэхгүй байна. Гадаад киног бол тухайн телевизийн сонголт гэж бодьё. Өөрөөр хэлбэл бид ер нь хүчирхийлэлд дуртай л болж таараад байгаа юм даа. Эсвэл тийм кинонд дуртай хүмүүсийг телевизийн удирдлагад нь оруулдаг болоо юу.
За бараг хүмүүс л хүсээд байдаг болсон юм шиг байна  Одоогийн моод гэмээр. Яагаад гэхээр дотоод кино гэхээр л хүчирхийлэл орсон, буу дуугарсан, сум нисэж цус урсдаг байж л хүний сэтгэлийг хөдөлгөнө гээд итгэчихэж. Ядаж “клип” хийхэд хүртэл энэ зарчим явна. Нэг л сүртэй гангстер дүртэй залуус, нүд нь эрчилсэн зодоочид энэ цагийн баатрууд болчихсон, нөгөө мэдээллийн хэргслүүд нь тэднийг сурталчлаад ч байгаа юм шиг.
 Асуулт байна л даа, бидний өнөөгийн хүсэл сонирхол, эрэлт таашаал ийм болсон юм уу гэж… Эротик нэрээр эрээ цээргүй садар самууныг харуулах нь бас л хүчирхийлэл болно. Яагаад гэвэл манайхаас бусад газар сонгож үздэг ангиллыг бид болохоор нас намба ч харгалзахгүй бүгдэд нь тулгаж байх болсон. Саяхан үзэгчдийн хүсэлтээр нэгэн жүжгийн сурталчилгааг өөрчлөхөөр болсон гэнэ лээ. Харамсмаар нь тэр клипийг Эрдмийн театрын “ариун сүмийн” жүжигчид бүтээгээд Үндэснийхээ телевизээр цацаж л байлаа. Зөв хөгжлөөрөө бол урлаг болоод хэвлэл мэдээллийнхэн цаг үеэсээ,бас  нийгмээсээ түрүүлж явах ёстой байх шүү. Гэтэл бид биш харин үзэгч, уншигчид биднийг чиглүүлдэг болсон юм байна . Харин бид болохоор тэднийг юунд хөтлөөд байна вэ?
Сүүлийн үед гарсан хүн амины хэрэг улам хэрцгий шинжтэй болж байна гэж цагдаагийн офицер хэлж байх юм. Олныг хэртхийлгэсэн жигшүүрт хэргүүд ээлж дараалан гарсаар. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийн хэрэгсэл болж , эсвэл сурталчлагч нь болоод байгаа юм биш үү …Шинэ номинаци бий болох нь- “Шилдэг хүчирхийллийг сурталчлагч хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэж….
Эсвэл… Ирэх жилийн 5-р сарын 3-ныг угтсан тэмцлийн сэдэв – Хүчирхийллэс ангид хэвлэл мэдээлэл.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж