
Урлагийн бүтээл гэдэг гайхалтай зүйл хэзээ ч устаж үгүй болохгүй гэдгийг нотолсон ганц жишээ нь энэхүү Луврын музейн барилга бөгөөд баригдсан цагаасаа олон саад бэрхшээлтэй тулгарсан ч тэр бүхнийг даван туулж цаг үетэйгээ хөл нийлэн хөгжсөөр өнөөдрийг хүрсэн юм. Мөн Луврын музей нь барихаар төлөвлөгдсен цагаасаа эхлээд л эрх чөлөөт хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсоор иржээ.
Өдгөө 18 га талбай эзлэн орших тус музейн цуглуулгад ойролцоогоор 35 мянган ширхэг урлагийн гайхамшигт үзмэрүүд агуулагдаж байдаг бөгөөд бүтээлүүд нь 60 мянган метр талбайд дэлгэгдсэн байдаг байна. Тус бүтээлүүд дотор алдарт зураач, барималч Леонардо Да Винчийн "Мона Лиза", Жакус Луйз Давидын "Хорацийн тангараг" зэрэг олон алдартай бүтээлүүд байдаг.
Үнэт чулуунуудынх нь дунд Энэтхэгээс олсон 137 каратын “Регент” нэртэй алмааз байдаг аж. Луврт хамгийн “хөгшин” гэгдэх Кариатидын танхимд жүжгийн нэрт зохиолч Ж.Мольер хамгийн анх өөрийн жүжгийг тавьж тоглуулж байсан түүхтэй гэнэ.
Эртний дорно дахин, Египет, Грек, Ромын болон баримал, уран зураг, чимэглэлийн урлагийн гэсэн зургаан салбар хэсэгтэй. Эртний Египетийн салбарын голлох үзмэрийг Наполеоны Египетэд хийсэн аяныг дагалдаж явсан эрдэм шинжилгээний анхны экспедицийн олсон олдворууд эзэлдэг.
Эртний урлагийн салбар танхимд дэлхий даяар алдартай Венера Милосскаягийн баримал тавиатай байдаг. Мөн Леонардо да Винчийн “Жоконда” байдаг байна.
Луврын музейд тавигдсан бүтээлүүд маш сонирхолтой, уран хийцтэй, хэний ч бахархлыг төрүүлэхүйц байдгаас гадна музейн барилга нь ч өөрөө урлагийн бүтээл болон оршиж байдаг аж.
Учир нь тус музейн барилга харагдах байдлаасаа маш нарийн хийцтэй, бас дотор талд нь байх нарийхан шат эгц доошоо орсон муруй тахир хэлбэртэй аж. Харин байршлын хувьд Сэйнь болон Рю де Риволи голуудын хооронд буюу яг Парис хотын төв хэсэгт оршдог байна.
Америкийн 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Кеннеди албан ажлаа хүлээж авсныхаа дараа Францад айлчлахдаа Луврын музейг үзэж сонирхоод "Амьдралдаа ядаж нэг удаа Луврын музейг заавал үзэх хэрэгтэй юм байна. Үүнийг үзсэнээр л урлагийн бүтээл гэж ямар гайхалтай зүйл болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрч чадлаа. Харин энэ бүхэн хүний гараар бүтсэн гэхэд үнэхээр гайхалтай. Хүн гэдэг хамгийн хүчирхэг амьтан болох нь эндээс харагдаж байна, Тэр тусмаа Франц улсын соёл иргэншлийн түүх өнө эртний баялаг түүхтэй нь харагдаж байна" хэмээн ярьж байжээ.
Н.Наран