Италийн шигшээ багийн хамгаалагч Фабио Каннаваро ӨАБНУ-д зохион байгуулагдах дэлхийн цомын тэмцээнд оролцоод шигшээ багаасаа зодог тайлахаа мэдэгджээ. Өдгөө 36 настай Каннаваро Италийн шигшээ багийн бэлтгэлийн үеэр сэтгүүлчдэд энэ тухай ярихдаа залуу үе шигээ тоглож чадахаа больж, багтаа олигтой хувь нэмэр оруулж чадахгүй болж буй тухайгаа хэлсэн байна. Гэхдээ энэ зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх дэлхийн аваргад “Скуадра Азурри”-гийн төлөө сүүлчийн удаа чадах бүхнээ хийх болно гэж амлажээ. 2002 оны дэлхийн аваргын дараа Паоло Малдини зодог тайлж, оронд нь ахлагчийн туузыг зүүх болсон Канаваро Италийн багийн төлөө нийт 132 тоглолтод оролцоод байгаа нь тус улсын түүхэнд дээд амжилт болон бүртгэгдээд байгаа. 2006 онд Италийн шигшээг удирдсан Канаваро алтан дагиныг, дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналын хамт давхар хүртэж байсан билээ.
Холбоотой мэдээ