Икер Касильяс Испанийн хаалгыг манана

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Икер Касильяс Испанийн хаалгыг манана

Сар гаруй хугацааны дараа Өмнөд Африкт эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох Испанийн шигшээ баг хаалгачийн байрлалд хэнийг гаргах нь тодорхой бус байсан. Харин тус багийн ерөнхий дасгалжуулагч Винсенте дел Боске багийнхаа бэлтгэл дээр сэтгүүлчдэд хэлэхдээ гараанд Икер Касильясыг гаргана гэжээ. Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын хаалгач энэ улиралд испанийн хаалгачдаас хамгийн сайн формтой байгаа нь гэж Боске хэлсэн бөгөөд түүнийг орлож “Ливерпуль”-ийн Пепе Рейна дэлхийн аваргын тоглолтод оролцох гэнэ. Харин шигшээгийн гурав дахь хаалгачаар хэн байх вэ гэдэг нь одоогоор тодорхой бус байгаа аж. Дел Боске ч энэ талаар сэтгүүлчдэд хариу хэлээгүй байна. Гэхдээ мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар “Барселона”-ын Виктор Валдес, “Вильяреал”-ын Диего Лопез нарын аль нэг нь шигшээд багтах бололтой. Гэхдээ “Ялагдашгүй Армада”-гийн эцсийн бүрэлдэхүүн болох 23 тоглогч Францтай хийх нөхөрсөг тоглолтын дараа тодорхой болох юм. Одоогийн байдлаар Дел Боскег багийнх нь гэмтэл бэртэл зовоож байгаа. Тодруулбал, Сеск Фабрегас, Фернандо Торрес, Андрес Иньеста нарын од тоглогчид нь дэлхийн аваргад оролцох эсэх нь тодорхой бус байгаа юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж