Ерөнхийлөгч спортын зөвлөхүүдээ сонгов

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч спортын зөвлөхүүдээ сонгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн, гавьяат тамирчин Б.Наранбаатар, дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсынхаа нэр алдрыг дэлхийн тавцанд мандуулж яваа тамирчид Ерөнхийлөгчийн гаргасан Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх 53 тоот зарлигийг дэмжиж, энэ хүрээнд БТСГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа. Энэ ажлынхаа хүрээнд тус байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэд, залуучууд, сурагчидтай уулзалт хийж, спортын сэдвээр анх удаа лекц уншсан тухайгаа Ерөнхийлөгчид танилцуулж, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн ажлынхаа талаар санал солилцлоо.

Тэд өнгөрөгч долоо хоногт Дархан Уул аймаг, Хөтөл хотуудад “Эх оронч сэтгэлгээ ба Монгол зан уламжлал”, “Өрсөлдөх чадвартай эрүүл Монгол”, “Зорилго ба ирээдүй” зэрэг сэдвүүдээр залуучууд, олон нийтэд зориулж лекц уншсан юм.

2012 оны Лондонгийн олимп ойртож буй энэ үед спортын өндөр амжилт гаргахаар бэлтгэх зуураа залуучууд, иргэддээ зориулсан зөв зүйтэй мэдээлэл хүргэсэн сайн санаачилга хэрэгжүүлж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус спортын зөвлөх болгосноо албан ёсоор танилцуулав. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нь цалин хөлс авахгүй, ямар нэгэн хангамж эдлэхгүй юм.

Энэхүү уулзалтын дараа БТСГ-ын дарга Ч.Наранбаатар гурван тамирчныг хүлээн авч уулзсан бөгөөд БТСГ, "Амжилтын төлөө хамтдаа" төрийн бус байгууллагынхан Дархан-Уул аймагт зохион байгуулсан спортын лекцийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар "Монголын шилдэг залуу гурван тамирчин Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр сонгогдсонд баяр хүргэе. Тэр тусмаа Монголын спортын топ төрлүүд болох бокс, жүдо, чөлөөт бөхийн төрлийг төлөөлсөн гурван тамирчин маань хамтдаа спортын төлөө сэтгэл санаа, оюун ухаанаа дайчлан ажиллах болсонд баяртай байна" гээд тамирчдынхаа цаашдын амжилт, ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж