Энэ хугацаанд нисгэгчид ерөнхийдөө амарсан бол баг болоод туршин нисгэгчдийн хувьд хамгийн завгүй үе байлаа. Бүх багууд өөрсдийн төмөр хөлгөө сайжруулах тал дээр ажиллаж байсан байна.
Ямартай ч энэ хооронд гарч байсан мэдээллүүдээр бол аль аль багуудын хувьд өмнөхөөсөө илүү хурдтай болжээ. Тэр дундаа хамгийн хурдан байгаа “Red Bull” тун ч онцгой байгаа бололтой. Бусад багуудын хувьд ч ялгаагүй бөгөөд F-Duct системийг багууд өөрсдийн болид дээр суурилуулсан байна.
Түүнчлэн “Ferrari” дөрөв хоногийн туршилт хийсэн бөгөөд толины байрлал, аеро-динамик зэргүүдийн өөрчлөлт ямар үр дүнтэй болсныг шалгасан гэх.
Юутай ч бүх багууд боломжоороо болидуудаа сайжруулж, Каталонд уралдах бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр бямба гаригт байрлал тогтоох гарааны үеэр бороо орж, ням гаригт харин цаг агаар харьцангуй тайван байх бололтой. Эндээс харахад борооны тусламжтайгаар байрлал тогтоох гараа нэлээдгүй таавар эвдсэн зүйлүүд гарч болох юм.
Одоогийн байдлаар нисгэгчдийн хоёр гран-пригийн түрүү аваад байгаа дэлхийн аварга Женсон Баттон 60 оноогоор тэргүүлж байгаа бол “Mercedes GP” багийн Нико Росберг 50 оноогоор удаалж байна. Росбергийг удахгүй багтаа анхны түрүүгээ авчирна гэж таамаглаж байгаа бол түүний араас 49 оноогоор Льюис Хэмильтон, Фернандо Алонсо нар нэхэж байна.
Алонсогийн хувьд уралдсан уралдаан бүрт нь моторт нь асуудал гарч байсан. Хятадыг эс тооцвол уралдаан бүрт мотороо сольсон нисгэгчдэд хэмнэлт гэдэг маш том даалгавар гарч ирсэн бололтой.
Харин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хурдан бөгөөд хамгийн азгүй нисгэгч бол “Red Bull” багийн Себастьян Веттель. Михаэль Шумахераас хойш Германы төрийн дууллыг анх удаагаа “Формула-1”-т эгшүүглүүлсэн эр 45 оноотой, түрүүлэх олон боломжоо алдсанаар тавдугаарт бичигдсэн.
Шуми өөрөө эргэн ирэлтээ тунхаглаж магадгүй байгаа бололтой. Ирэх хоёр долоо хоногт дэлхийн долоон удаагийн аварга Шумахер амжилт үзүүлж, гурван жилийн дараах эргэн ирэлтээ зөв байсан гэдгийг харуулах гэнэ.
Score Studio