Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ


УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тодотголыг үргэлжлүүлж хэлэлцлээ.

Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн нийт орлого 2.791.0 тэрбум төгрөг байхаар тусгасан нь ДНБ-ийн 38.9 хувийг эзэлж байгаа үзүүлэлт аж. Харин төсвийн зарлагын тухайд төсвийн ерөнхийлөн захирагчдаас төсвийн жилийн явцад дутагдаж байгаа зардал болон 2010 оны төсвийг хэлэлцэх явцад хасагдсан зардлуудыг нэмж тусгуулах талаар нийт 688.3 тэрбум төгрөгийн саналыг ирүүлсэн юм байна. Түүнээс төсвийн орлого бүрдэлт, санхүүжүүлэх эх үүсвэр, зайлшгүй шаардлагатай байдал, ач холбогдол зэргийг харгалзан үзэж дараах чиглэлийн арга хэмжээг төсвийн тодотголд тусгахаар тооцжээ.

 Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгал болон халамжийн сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэврийг 2010 оны аравдугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож нийт 78.2 тэрбум төгрөг, боловсролын салбарын нэг сурагчид ногдох хувьсах зардлын нормативыг нэмэгдүүлэхэд зориулж 7.4 тэрбум төгрөг, олон хүүхэд төрүүлэн өсгөж байгаа “Алдарт эх” одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийг нэг дахин нэмэгдүүлэхэд 8.5 тэрбум төгрөг, хүүхэд, шинэ гэр бүл, шинэ төрсөн хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 2009 онд үүссэн өглөгт 1.4 тэрбум төгрөг тусгасан байна.

Мөн төрийн өндөр албан тушаалтнуудын гадаад оронд хийх төрийн албан ёсны болон албан ажлын айлчлалын зардал хүрэлцэхгүй байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад арга хэмжээний зардалд нийт 2.4 тэрбум төгрөгийг нэмж тусгах. ХХААХҮС-ын төсвийн багц дахь “Монгол мал” хөтөлбөрийн зардалд зориулж 3.8 тэрбум, Шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчдод олгох нөхөн олговорт зориулж ХЗДХС-ын багцад 5.0 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг нэмэгдүүлэхэд зориулж 3.1 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгахаар тооцсон юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж