“Афин-2004” болон “Бээжин-2008” зуны олимпийн наадмын тулгуурт харайлтын аварга Елена Исинбаева энэ улиралд амралт хэрэгтэй гэж үзэх болсноо “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр “Би түр завсарламаар байна, гэхдээ бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, 2011 онд нягт нямбай бэлтгэх болно. Харин одоо бол жирийн амьдрал юунаас ч илүү хэрэгтэй байна” гэжээ. 27 настай тамирчин бүсгүй үргэлжлүүлэн “Энэ жил тэмцээн уралдаанд оролцохоо сайн мэдэхгүй л байна, хараахан шийдээгүй байгаа. Тиймээс одоохондоо юу ч амлаж чадахгүй” гэжээ.
Олон удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан Е.Исинбаева өнгөрөгч гуравдугаар сард болсон танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэлгүйтэж, шуугиан тариад амжсан. Мөн өнгөрсөн жил Берлинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд азгүйтсэн билээ.
Елена Исинбаева энэ намар Сингапурт нээлтээ хийх хүүхдийн анхдугаар олимпийн их наадмын элч төлөөлөгчөөр сонгогдон ажиллахаар болсон бөгөөд энэ наадмаас шинэ эрч хүч олж авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Тэндхийн уур амьсгал надад шинэ эрч хүч өгөх байх. Магадгүй тэндээс бүх зүйлийг яаж эхлүүлж байсан үеэ эргүүлэн олж авах ч юм бил үү” хэмээн ярилцлагадаа онцолжээ.
SCORE STUDIO