
Ургамлын үр, үрслэг, суулгац нэвтрүүлэх, үржлийн мал, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтын тухай Засгийн газрын тогтоол “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдлээ. Уншигч та бүхэн хилийн аль боомтоор ургамлын үр, үрслэг, суулгац, хэдэн аймаг дахь хилийн аль боомтуудаар үржлийн мал экспортлохыг зөвшөөрснийг мэдэх боломжтой. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүнийг хилийн таван боомтоор экспортлохыг зөвшөөрсөн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна.
“Боловсрол” үндэсний хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Бүх шатны боловсролын тогтолцооны нийгмийн шинэ шаардлагад нийцсэн тасралтгүй хөгжлийг хангаж, боловсролын үйлчилгээний хүртээмжид баримжаалсан бодлогоос боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол дээшлүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэхэд чиглэсэн бодлогод шилжих нь боловсролын шинэчлэлийн онцлог болоод байгаа билээ.
“Боловсрол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлэх, дээд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын жишигт нийцсэн тогтолцоог бий болгох, мэргэжлийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээл, мэдлэг бүтээх эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн энэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжуулав.