А.Курникова, М.Хингис нар дахин хамтдаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

А.Курникова, М.Хингис нар дахин хамтдаа

Дэлхийн спортын салбарын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг ОХУ-ын теннисчин Анна Курникова болон Швейцарийн Мартина Хингис нар дахин нэгдэж, энэ жилийн “Уимбльдон” тэмцээнд хамтдаа баг бүрдүүлж, оролцохоор болжээ. Удаан хугацаанд хамтрагчид байсан тэд 1999 болон 2002 онд “Их дуулга”-ын цуврал Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэй хосын төрөлд аваргын цом хүртэж байсан юм. Харин энэ удаад Курникова, Хингис нар хамтдаа “Уимбльдон” тэмцээний үеэр зохиогддог мэргэжлийн талбайн теннисээ орхиж, зодог тайлсан тамирчдад зориулсан тусгай хөтөлбөрт оролцох болсон байна.
Курникова энэ талаар хувийн вэбсайтдаа “Мартинатай хамтран дахин Их британийн талбайд тоглох болсондоо маш их баяртай байна. Энэ тэмцээн үргэлж миний зүрх сэтгэлд хадаастай байсаар ирсэн. Дахин Уимбльдоны талбайд тоглоно гэдэг эрхэм хэрэг” хэмээн бичжээ.
Швейцарийн шилдэг теннисчдийн эгнээнд зүй ёсоор багтаж байсан Хингис ганцаарчилсан төрөлд “Их дуулга”-ын тав, харин хосын төрөлд есөн удаа “Их дуулга”-ын цуврал тэмцээнд түрүүлж, гялалзсан амжилтын дунд хөвж байсан юм. Гэвч 2007 оны “Уимбльдон”-ы үеэр түүний шинжилгээнээс кокайн илэрч, хоёр жилийн хугацаатай эрхээ хасуулснаар нэгмөсөн их спортоо орхих шийдвэр гаргажээ. Хингис өөрийгөө кокайн хэрэглээгүй хэмээн мэдүүлж байсан боловч шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй юм.
Харин Курниковагийн тухайд удаа дараагийн гэмтэл бэртлийн улмаас сүүлийн долоон жилийн турш томоохон уралдаан, тэмцээнд оролцоогүй билээ. Дэлхийн чансааны жагсаалтын наймдугаарт эрэмбэлэгдэж байсан Курникова 1997 оны “Уимбльдон” тэмцээний ганцаарчилсан төрөлд хагас шигшээд шалгарч байжээ.
Хингис, Курникова нар хамтдаа нэгэн үе талбайн теннисний спортын “Spice Girls” хэмээн нэрлэгдэж байв. Хамтын хүчээр “Их дуулга”-ын цом хүртсэн тэд мөн хосын төрөлд дэлхийн чансааг тэргүүлж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж