Дараагийн прокурор хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Дараагийн прокурор хэн бэ?


Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг нь энэ мэдээлэл долоо хоногийн байтугай бүтэн жилийн дуулиан болохоор сэдэв. Шинэ Ерөнхийлөгч сонгогдож, хуулийн байгууллагуудын шинэчлэлийн асуудлыг хөндсөн цагаас эхлэн энэ сэдэв улс төрийн хүрээнд анхаарал татсаар ирсэн. Жил шахам хүлээгдсэн Улсын ерөнхий прокурорын асуудал одоо нэг шийдэгдэв . Долдугаар сарын 1-ний хэрэг, хуулийн байгууллагууд, шүүх засаглалын нэр хүнд өдрөөс өдөрт унаж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн зүгээс М.Алтанхуяг прокурорыг сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөхийг нэг бус удаа сануулсан тухай мэдээлэл хэвлэлд удаа дараа гарч байсан. Саяхан болж өнгөрсөн УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр ч бас Ерөнхийлөгч дуугүй өнгөрөөгүй. Тиймээс Улсын ерөнхий прокурор хугацаанаасаа нэг жилийн өмнө /хуульд зааснаар Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог/ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.
Нэгэнт уг хүн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хойно дараагийн Ерөнхий прокурорыг томилох асуудал яригдах нь зүйн хэрэг. Жилийн өмнө бол энэ албан тушаалыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжав болон улстөрч Б.Дэлгэрмаа нарт хамааруулж ярьдаг байлаа. Одоо ч гэсэн улс төрийн хүрээнд иймэрхүү хандлага явсаар байгаа. Хуульчийн мэргэжил, боловсрол хийгээд ажлын туршлагын хувьд хэн хэн нь энэ албан тушаалд гологдохооргүй хүмүүс. Ялангуяа Б.Дэлгэрмаагийн  хувьд хуулийн байгууллагуудын шинэчлэл хийгээд хүний эрхийн асуудал дээр арай нэг дорвитой дуугардаг нь.
 Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, Ерөнхий прокурорт нэр дэвших магадлалтай кандидатуудын дотор нэгэн “битүү морь” орж иржээ. Энэ бол Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх. 2008 оны УИХ, орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан, хуульч мэргэжилтэй энэ эрхмийг Ерөнхий сайд С.Батболдын баз хүргэн гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Сайдын албан тушаалд томилогдохоосоо өмнө хууль зүйн зөвлөгөө өгөх компани ажиллуулж байсан, Зуучлах товчооны захирал асан талийгаач Ц.Сүхбаатарын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа анх олон нийтийн анхааралд орсон энэ эрхмийг Ерөнхий прокурорын албан тушаалд зүтгүүлэхээр улс төрийн хүрээнд нэлээд өндөр түвшинд яриа хэлцэл явагдаж байгаа гэнэ.
 Хуульчийн хувьд сайн боловсрол эзэмшсэн, социализмын үеийн сэтгэхүйнээсээ салаагүй байгаа манай “архаг” хуульчдын дэргэд тохой илүү гэдгийг нь үгүйсгэх аргагүй ч С.Батболдын баз хүргэн биш байсан бол энэ албан тушаалд очих уу гэдэг эргэлзээ төрж л таарна. Ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн энэ шийдвэрийг дангаараа гаргасан гэж үзэх үндэслэл тун бага. Ялангуяа хамтарсан Засгийн газар төр барьж байгаа, хуулийн байгууллагуудын дээд эрх мэдлүүд дан ганц МАХН-ын төлөөний хүмүүст оччихоод байгаа энэ үед хэн нэг эрх мэдэлтний холбоо сүлбээ, хамаатан саданг дагуулж томилгоо хийдэг тогтсон жишгийг Ерөнхийлөгч маань ч хүртэл тойрч чадахгүй нь бололтой. Гэвч томилгоо хараахан хийгдээгүй байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж