Төрсөн он, сар, өдөр: 1978 оны 3-р сарын 11
Төрсөн газар: Абижан, Зааны ясан эрэг
Өндөр, жин: 189 см, 94 кг
Спортын төрөл: Хөлбөмбөг
Английн Премьер лигийн өнөө цагийн шилдэг оддын нэг Дидье Дрогба Зааны ясан эрэгийн шигшээ багийн төвийн довтлогч юм. Арвин түүхтэй Премьер лигийн “Челси” клубт тоглодог тэрбээр Зааны ясан эрэгийн шигшээ багийн ахлагч төдийгүй тус улсын хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн гоол оруулсан тоглогч билээ. Тэрбээр мөн “Челси”-гийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан гадны тоглогч бөгөөд тус клубын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын долдугаарт эрэмбэлэгдээд байна.
Залуучуудын багт тоглож байсан Дрогба 18 насандаа Францын “Ле-Ман” клубээс мэргэжлийн хөлбөмбөгийн гараагаа эхлүүлжээ. Үеийнхнээсээ харьцангуй удаан хөдөлгөөнтэй, хөгжиж, дэвших нь ч удаашралтай байсан тэрбээр 21 насандаа мэргэжлийн хөлбөмбөгийн төвшинд анхны гэрээгээ байгуулсан боловч 2002/03 оны улирал хүртэл өөрийн авьяас чадвар, нөөц бололцоогоо олны өмнө гаргаж чадаагүй юм. Тухайн жилд Дрогба Францын Лиг-1-ийн “Генгам” клубт тоглож, 34 тоглолтод 17 гоол оруулж, авьяаслаг тоглогч гэдгээ харуулжээ. Тэр жилдээ тэрбээр Зааны ясан эрэгийн шигшээ багт дуудагдаж, 2003 оны хоёрдугаар сард анх удаагаа эх орноо төлөөлөн тоглолтод оролцсон байна. 2003 оны зун тэрбээр “Марсель” клубт 3,3 сая фунт стерлингээр зарагдаж, 19 гоол оруулснаар лигийн мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Удаахь жил нь Дрогба “Челси”-гийн боссуудын хараанд өртөж, 24 сая фунт стерлингээр зарагдаж, улмаар Зааны ясан эрэгийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон байна. “Цэнхрүүд”-д ирсэн эхний жилдээ Дрогба чухал үүрэг гүйцэтгэж, FA Community Shield болон League Cup тэмцээний финалд шийдвэрлэх гоолыг оруулаад зогсохгүй, тэдний хамт түүхэндээ анх удаа Премьер лигийн аваргын цом хүртсэн юм. 2006 онд тэрбээр “Цэнхрүүд”-ийн хамт дахин Премьер лигийн алтан цом өргөж, шигшээ багийн ахлагчийн нэр хүндтэй үүрэг хүлээж, дэлхий дахинд өөрийгөө хүчтэй, авьяастай довтлогч гэдгээ батлан харуулсан.
Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дрогба гоолдож, Зааны ясан эрэгийн түүхэн дэх анхны дэлхийн аваргын гоолын эзэн болж, тухайн жилдээ Африк тивийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорчээ. Дараа жил нь тэрбээр Премьер лигт 20 гоол оруулж, 2006/07 оны Премьер лигийн мэргэн буучаар тодорч, 2007 оны League Cup, FA Cup тэмцээний финалд ялалтын гоолыг оруулсан юм.
Зааны ясан эрэг анх удаагаа 2006 оны дэлхийн аваргад өрсөлдөх эрх авахад Дрогба голлох чухал үүргийг гүйцэтгээд зогсохгүй ингэснээрээ улс, эх орондоо энх амгалан цагийг авчирсан гэж болно. Таван жил үргэлжилсэн иргэний дайн эцэслэж, Дрогбаг “Time” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэв.
БАГА, ЗАЛУУ НАС
Дидье Дрогба Зааны ясан эрэг улсын Абижан хотноо төржээ. Таван настай байхад нь эцэг, эх нь түүнийг авга ахынд нь амьдруулахаар Франц руу явуулсан боловч балчир хүү гэрээ санаж, бэтгэрсэн учир гурван жил болоод төрөлх Абижан руугаа буцсан байна. Авга ах Мишель Гоба нь мэргэжлийн хөлбөмбөгч байсан нь Дрогба хүүд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Бага байхад нь ээж нь түүнийг “Тито” хэмээн өхөөрддөг байж. Учир нь тухайн үеийн Югославын ерөнхийлөгч Иосип Броз Титог ээж нь ихэд хүндлэн биширдэг байсан гэнэ.
Дрогба хөлбөмбөгт үнэхээр дуртай, цаг зав гарвал л машины зогсоол дээр бөмбөг өшиглөж, бараг өдөр бүрийг хөлбөмбөг тоглож өнгөрүүлдэг байжээ. Гэхдээ тэрбээр Зааны ясан эрэгт төдий л удсангүй, эцэг, эх нь ажлаасаа халагдаж, амьдрал хэцүүдсэн учир дахин Франц руу явж, авгатайгаа амьдрах болсон байна. 1991 онд Дрогбагийн эцэг, эх нь ч Францад нүүж ирсэн бөгөөд эхлээд Ванн хотод амьдарч байсан боловч хоёр жилийн дараа Парисын нэгэн дүүрэгт суурьшжээ. 15 настай байсан Дрогба энэ үеэс хөлбөмбөгт дахин уруу татагдаж, хотын нэгэн жижиг клубын өсвөрийн багт элссэн байна. Тэрбээр хагас мэргэжлийн “Левалой” клубын өсвөрийн багаас хөлбөмбөгийн замналаа эхлүүлж, улмаар насанд хүрэгчдийн багт багтсан боловч эхний тоглолтдоо гоол оруулсныг эс тооцвол дасгалжуулагчийн сэтгэлд хүрээгүй гэдэг.
КЛУБЫН КАРЬЕР
Ле-Ман /1997-2002/:
Сургуулиа төгсөөд Дрогба өөр хотод шилжиж, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр коллежид суралцах болжээ. Өөр хот руу нүүсэн учир хөлбөмбөгийн багаа ч мөн солих шаардлага гарсан тул Францын Лиг-2-ын “Ле-Ман” багт харьяалагдаж болсон байна. Гэхдээ эхний хоёр жилийг тэрбээр гэмтэж, бэртэж, багагүй саадтай өнгөрүүлэв. Учир нь өдөр бүрийн тогтмол бэлтгэл сургуулилтад бие физиологийн хувьд дасан зохицож чадахгүй ихэд зүдэрдэг байж. Тухайн үед Дидье Дрогбаг дасгалжуулж байсан Марк Уестерлопп хожим нь “Дидье өдөр тутмын байнгын бэлтгэл сургуулилт, долоо хоног бүрийн тоглолтын горимд дасах гэж бараг дөрвөн жил болсон” хэмээн дурсан ярьжээ. Гэр бүлийн амьдралын хувьд ээдрээтэй, байнгын асуудалтай байсан учир Дрогба багаасаа хөлбөмбөгийн академид суралцаагүй бөгөөд насанд хүрсэн хойноо өдөр тутмын тогтмол бэлтгэлээс гараагаа эхэлсэн учир энэ зэргийн бэрхшээл харин ч гайгүйд тооцогдож байв.
21 нас хүрээд Дрогба өөртөө эргэлзэж эхэлжээ. Мэргэжлийн хөлбөмбөгч болох чадвар, боломжийг хонгилын үзүүрт сүүмийх гэрэлтэй зүйрлэж болохоор байлаа. Гэхдээ түүнийг аз түшиж, удалгүй “Ле-Ман” клубын нэгдүгээр багт багтсан бөгөөд 1999 онд мэргэжлийн хөлбөмбөгчийн хувиар анхны гэрээгээ байгуулжээ. Дрогбагийн хувийн амьдрал санхүүгийн хувьд улам бүр дордож, Дрогба, эхнэр Аллагийн хамт анхны хүү Исаакийг өлгийдөн авсан нь түүнд ихээхэн үүрэг хариуцлага ногдуулсан байна. Тэрбээр хожим нь “Исаак хүү маань төрсөн нь амьдралд минь шинэ бүхнийг авчирсан. Намайг үнэхээр зоригжуулж, хүч чадал хайрласан” хэмээн тэр үеийг дурсан ярьжээ.
Гэрээ байгуулсан эхний улиралдаа Дрогба 30 тоглолтод долоон гоол оруулж, чамлахааргүй амжилт гаргасан ч удаахь жил нь бэртэл авч, арайхийж олж авсан байр сууриа Даниэль Коусинд алдав. Хэдийгээр гэмтлээс эргэн ирсэн ганц ч гоолгүйгээр улирлыг өндөрлүүлжээ. Харин дараагийн улирлын Дрогба таван гоолтой үдсэн байна.
Генгам /2002-2003/:
2001/02 оны улирлын дунд үеэр Францын Лиг-1-ийн “Генгам” клуб Дрогбаг ихэд сонирхож, 80 мянган фунт стерлингээр эгнээндээ элсүүлжээ. Тэрбээр энэ улирлын хоёрдугаар хагаст 11 тоглолтод оролцож, гурван гоол оруулсан байна. Хэдийгээр доод лиг руу унах аюулаас аврагдсан ч клубын удирдлага шинэ довтлогчийнхоо амжилтыг хангалттай гэж үнэлсэнгүй. Харин дараагийн улиралд Дрогба 34 тоглолтод 17 гоол оруулж, “Генгам” лигийн хүснэгтийн долдугаарт бичигдсэн нь клубын удирдлага, дасгалжуулагчдыг ашигтай наймаа хийсэн гэдгийг баталсан байна. Энэ үед Дрогба багийнхандаа ч чухал нөлөө үзүүлж, жигүүрийн тоглогч, эртний анд Флоран Малудагийн хамт гялалзах болжээ. Удалгүй тэр Францын хөлбөмбөгийн гол төлөөлөгчдийн нэг “Марсель”-ийнхний анхаарлыг татаж, 3,3 сая фунт стерлингээр зарагдсан байна.
Марсель /2003-2004/:
“Олимпик Марсель” клубын дасгалжуулагч Алаин Перрин “Генгам”-аас Дрогбаг багтаа авчирсан юм. Гэхдээ Перрин удалгүй ажлаасаа халагдаж, Хосе Эниго түүнийг орлох болжээ. Дрогба “Марсель”-д амархан идээшиж, улирлын туршид 19 гоол оруулж, Францын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогчоор тодорсон байна. Тэрбээр мөн Аваргуудын лигт тав, UEFA Cup-т зургаан гоол оруулжээ. Харин улирлын эцэст түүнийг “Челси” клуб 24 сая фунтээр багтаа элсүүлсэн бөгөөд Дрогбагийн өмсгөл “Марсель” клубын алдрын танхимд үлджээ.
Челси /2004 оноос хойш/:
2004 оны долдугаар сард “Челси”-д ирсэн Дрогба гурав дахь тоглолтдоо “Кристал Палас”-ын хаалганд анхныхаа гоолыг оруулжээ. “Ливерпуль”-тэй хийсэн тоглолтын үеэр гэдэсний булчингаа гэмтээж, хоёр сар гаруй хугацаанд талбайгаас хөндий байснаар улирлын амжилтаа тасалдуулж орхив. Тухайн жил “Цэнхрүүд” Премьер лигт тэргүүлж, Лигийн цомын тэмцээний финалд “Миллениум” цэнгэлдэхэд “Ливерпуль”-тэй тоглож, нэмэлт цагт Дрогбагийн оруулсан гоолын ачаар 3:2 харьцаатай хожсон байна. Тэд мөн Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан юм. Харин Дрогба 40 тоглолтод оролцож, 16 гоол оруулжээ.
Лондонгийн “Челси” клубын шилдэг тоглогчдын нэгт зүй ёсоор багтах болсон тэрбээр 2009/10 оны улиралд “Цэнхрүүд”-ийн төлөө нийт 42 тоглолтод оролцож, 33 гоол оруулаад байна. Тэрбээр энэ жил мөн багийнхаа төлөө 100 дахь гоолоо оруулсан юм.
ОЛОН УЛСЫН КАРЬЕР
Дидье Дрогба Зааны ясан эрэгийн шигшээ багийн хамт анх удаагаа 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Сонгон шалгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэж, багтаа түүхэн ялалт авчирсан тэрбээр 2002 оны есдүгээр сарын 8-нд Өмнөд Африкийн багийн эсрэг анхны олон улсын тавцан дахь тоглолтоо хийжээ. Харин түүний анхны гоол 2003 оны хоёрдугаар сарын 11-нд тохиосон байна.
2006 оны хоёрдугаар сараас эхлэн Дрогба шигшээ багаа ахлах болсон бөгөөд “Заанууд” хоёр дахь удаагаа Африкийн цомын тэмцээнд финалджээ. Харамсалтай нь тэд аваргын төлөөх тоглолтод Египетийн багт торгуулийн цохилтоор 4:2 харьцаатай хожигдсон юм.
Германд болсон 2006 оны дэлхийн аваргад Зааны ясан эрэг анх удаа оролцож, “Үхлийн хэсэг”-т сугалаа таарсан юм. Серби Монтенегро, Голланд болон Аргентиний шигшээ багийн хамт хуваарилагдсан “Заанууд” хэсгийн шатнаас хасагдсан боловч Дрогба улсынхаа түүхэнд дэлхийн аваргын хамгийн анхны гоолын эзэн болжээ.
2008 оны Африкийн цомын тэмцээнд Зааны ясан эрэг, Нигер, Мали болон Бениний багийн хамт нэг хэсэгт таарч, хэсгийн тоглолтыг төвөггүй давсан боловч хагас шигшээд Египетийн багт ялагдсанаар Дрогба болон Зааны ясан эрэгийн замын төгсгөл ирж, нутаг буцжээ. Харин энэ жил Анголд болсон Африкийн цомын тэмцээнд “Заанууд” шөвгийн наймын тоглолтод Алжирт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ.
FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухайд сонгон шалгаруулах таван тоглолтод Дрогба зургаан гоол оруулжээ.
ХУВИЙН АМЬДРАЛ
Дидье Дрогба Парист амьдарч байх үедээ Алла гэх Мали эмэгтэйтэй танилцаж, амьдралын ханиараа сонгожээ. Хосууд өдгөө гурван хүүхэдтэй бөгөөд ууган хүү Исаак нь 1999 онд Парист төрсөн юм. Дрогбагийн хоёр дүү болох Жоел, Фредди нар нь мөн хөлбөмбөгчид бөгөөд бага дүү Фредди нь 17 настай, өдгөө “Ле-Ман” клубын залуучуудын багт тоглодог ажээ.
2007 оны нэгдүгээр сард Дрогба НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элчээр сонгогдсон бөгөөд буяны ажилд идэвх санаачлагатай, сэтгэлийнхээ гүнээс оролцож байна. 2009 оны сүүлээр Дрогба “PepsiCo” компанитай гурван сая фунт стерлингийн сурталчилгааны гэрээ байгуулж, бүх мөнгөө Абижан хотноо эмнэлэг барих ажилд хандивлажээ. “Челси” клуб ч энэ ажлыг дэмжиж, давхар мөнгөн хандив цуглуулсан байна.
Бэлтгэсэн С.Цэлмэг