АНУ-ын аюулгүй байдлын аз болон цоорхой

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын аюулгүй байдлын аз болон цоорхой

АНУ-ын Нью-Йорк хотын Times Square гудамжинд бөмбөг тавьсан хэрэгт сэжиглэгдсэн сэжигтэн хэрхэн Дубайг зорьсон “United Arab Emirates”хөлөгт нисэхээс нь хэдхэн минутын өмнө сууж амжсан бэ гэсэн асуудал таамаг хэвээр байна. Хэдийгээр онгоцонд суулгаж болохгүй хүмүүсийн тоонд түүний нэрийг даваа гаригийн өглөө оруулсан байсан хэдий ч түүнд билет худалдах үеэр билет худалдсан касс мэдээллийн баазаа шинэчилж амжаагүй байснаас даваа гаригийн үдээс хойш Faisal Shanzad ямар ч асуудалгүйгээр билет худалдан авч,“Emirates Flight 202” нислэгийн онгоцонд суусан байна.

АНУ-ын хуулийн байгууллага Shahzad-ыг бүтэн өдөр шил даран мөрдсөн ч түүнийг Нью-Йоркын Жон Ф.Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд ирэхийн өмнө хараанаасаа алдсан. Гэсэн ч түүнийг эцэст нь нисэх буудал дээрээс баривчилж чадсан гэж албаны хүмүүс мэдээлж байна. Мягмар гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхий прокурор Eric Holder сэжигтэнг барилгүй тагнах ажиллагааг хийх нь зүйтэй байсан гэж Холбооны мөрдөх товчооны ашигласан арга барилыг хамгаалж, сайшаасан. Тэрээр мөн “Би өчигдөр өдөржингөө, бас шөнийн ихэнх хэсэгт явуулж байгаа мөрдлөгийн талаар мэдээлэлтэй байсан. Гэхдээ түүнийг алдчихна гэсэн айдас, бодол хэзээ ч байгаагүй” гэж Holder прокурор ярьсан.

Нью-Йоркоос сонгогдсон Конгрессын гишүүн Charles Rangel “Энэ бол миний санаж байгаагаар онгоцонд суулгахыг хориглосон этгээд онгоцонд сууж амжсан хоёр дахь тохиолдол болж байна. Ямар алдаа гарсан байсан нь хамаагүй, хаана алдаа байсныг тодруулж, энэ алдааг давтахгүй засах хэрэгтэй”  гэж ярьсан. Shahzad-ыг Нью-Йоркийн цагаар даваа гаригийн шөнө ЖФК нисэх онгоцны буудал дээр саатуулсан. Терроризмын эсрэг их чармайлт гаргаж, маш их хөрөнгө хүч хаяж, олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНУ хэрхэн өөрийн эх орондоо терроризмд сэжиглэгдсэн этгээд чөлөөтэй онгоцонд суулгаж явуулах гэж байсан асуудал улс төрчдийн дунд болон байгууллага хоорондын ажлын хэлхээ холбоо, уялдааны тухай халуун яриа, мэтгэлцээн өрнүүлэх бололтой байна. “Ямар ч байсан азаар бөмбөг дэлбэрсэнгүй, хэн ч бэртэж гэмтсэнгүй. Гэхдээ бид үндэсний аюулгүй байдлаа азанд найдаж даатгаад байж болохгүй” гэж Конгрессын Тагнуулын хорооны гишүүн Pete Hoekstra “CNN”агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж