Миний хэргийг хугацаагүй түдгэлзүүлсэн байна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Миний хэргийг хугацаагүй түдгэлзүүлсэн байна

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг авлигын хэрэгт сэжиглэн сэжигтнээр татаад байсан эрүүгийн хэргийг Улсын прокуророос түдгэлзүүлжээ. Ингэснээр түүнийг шалган байцаах, мөрдөж мөшгихөө зогсоосон аж. Энэ талаар түүнээс тодруулж ярилцлаа.

-Таны хэргийг түдгэлзүүлснийг хэзээ мэдэгдсэн юм бэ?

-Би өөрөө өнгөрсөн тав дахь өдөр олж мэдсэн юм. Тэрнээс биш цаанаас мэдэгдээгүй. 

-Цаанаас таны хэргийг тэглээ шүү гэж хэлж мэдэгддэггүй юм уу?

-Тэгдэг л юм байна. Миний нэг танил хэвлэл мэдээллээр гараад байсан хэргийг чинь яасан бэ гэж надаас асуусан. Тэгээд л прокуророос лавласан чинь түдгэлзүүлээд нэлээд удсан юм байна.  Намайг тэр авлигын хэрэгт сэжигтнээр татаад хоёр жил болсон шүү дээ. Тэгсэн тэр хэргийг маань өнгөрсөн гуравдугаар сард түдгэлзүүлсэн байна.
Хэрэг түдгэлзүүлсэн тогтоолоо авах гэтэл зөвхөн дугаарыг нь л өгсөн . Миний хэргийг 2010 оны гуравдугаар сард 4/5, 2/14 тоот тогтоолоор Улсын прокурор түдгэлзүүлжээ. Түдгэлзүүлсэн тогтоолыг холбогдогч нарт өгдөггүй журамтай байдаг гэнэ.

-Хэрэг түдгэлзүүлнэ гэхээрээ яадаг вэ?

-Тухайн хэрэгт шалган байцаах, мөрдөн мөшгих ажиллагаа явуулахаа болихыг хэлдэг юм байна.
 
-Яагаад ингэсэн юм бол?

-Яахав, намайг сэжигтнээр татсан хэрэг хохирол учруулаагүй, нэхэмжлэл гаргаагүй гэдгээр хэрэгсэхгүй болгох шатандаа орсон байна.

-Сүүлд өөр нэг хэрэгт сэжиглээд байгаагүй бил үү?

-Тэр худал мэдээлэл байсан гэж бодож байна. “Прокүрор үнэнд гүйцэгдлээ” гээд би нэг хэлчихсэн юм. Тэрнээс болоод тиймэрхүү мэдээлэл тарсан байж магадгүй. Улсын прокурор УИХ-д миний бүрэн эрхийн талаар ирүүлсэн бичгээ татсан шүү дээ. Тэр нь тогтоол гарсантай холбоотой байж гэж бодож байгаа. Ингэж намайг дэмжсэн хүмүүсийг баярлуулсан, хонзонтой хүмүүсийн гол нь харласан үйл явдал болж байна. Эхлээд миний хэрэг улс төрийн сэдэлтэй байснаа сүүлдээ хувийн өс хонзон болсон шүү дээ. Халдашгүй байдлын дэд хорооны талаар ирүүлсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцээгүй. Тийм байхад миний асуудлыг УИХ-д тавьсан байсан.

-Тогтоол гарснаар таны хэрэг цагаадсан гэж үзэж болох уу?

-Цагаадсан гэсэн үг биш. Хэргийг хугацаагүйгээр түдгэлзүүлсэн. Удахгүй хэрэгсэхгүй болгох шатандаа орно байх гэж ойлгосон.

– Та одоо улсын хилээр орж гарч болох уу, нэг хэсэг хаасан гэсэн?

-Одоо болно. Хилээр гаргахгүй гэдэг хориогоо цуцалсан байна лээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж