Торрес дэлхийн аваргыг өнжиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Торрес дэлхийн аваргыг өнжиж магадгүй

Испанийн шигшээ багийн “Алтан жаал” Фернандо Торрес дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө амжиж, формдоо орж чадахгүй талаар “Ливерпуль” клубын эмч мэргэжилтнүүд мэдэгдсэн байна. Торрес энэ улиралд Премьер лигт 22 тоглолтод оролцож, 18 гоол оруулсан бөгөөд энэ сарын эхээр Европын лигийн “Бенфика”-тай хийсэн тоглолтын үеэр гэмтэж, улмаар хагалгаанд орсон юм. Тэрбээр өдгөө нөхөн сэргээх сувиллын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Испанийн шигшээ багийн эхний тоглолтод оролцож амжихгүй бололтой. Сануулахад, Европын аварга испаничууд зургадугаар сраын 16-нд Швейцарийн багийн эсрэг дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо хийх юм.

“Ливерпуль” клубын Спортын анагаахын шинжлэх ухааны салбар хариуцсан захирал Петер Брукнерийн хэлснээр Торресийн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох мөрөөдөл биелэх эсэх нь эргэлзээтэй гэнэ. Тэрбээр “Өнөөгийн нөхцөлд яг таг мэдээлэл өгөх боломжгүй юм. Хэрэв түүний эдгэрэлтийн явц энэ эрчээрээ байвал дэлхийн аваргын зарим нэг шатанд тоглож болох л юм. Торрес нээлтийн тоглолтод оролцох эсэх нь тодорхой бус байгаа. Бидний зүгээс түүнийг хэт яаруулахгүй байгаа. Учир нь цаашид олон жил түүнийг амжилт гаргаасай гэж хүсч байна” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж