Бээжингийн айлчлалын товчоон

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Бээжингийн айлчлалын товчоон

Бээжингийн айлчлалын товчоон
Өчигдөр 15.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар хийсэн төрийн айлчлалын талаар мэдээлэл хийж, “Шинэ жарны хандлагыг тодорхойлсон айлчлал боллоо” гэв. Аливаа төрийн айлчлалын дараа мэдээж айлчлал үр, дүнтэй сайхан боллоо гэж танилцуулдаг. Албан ёсны үг хэлллэгийн цаанаас яг ямар үр дүнтэй болсон нь тийм ч тодорхой биш байдаг шүү дээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаагаа хөрш БНХАУ-даа айлчлал хийж байгаа. Хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 8-нд Дэлхийн II дайны ялалтын баярт оролцохоор хойд хөршөө зорино. Гэхдээ энэ нь мөн дээд хэмжээний айлчлал биш юм. Түүний дараа АНУ-г зорих төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголын эдийн засаг сэргэх нь хэмээгдэж, байгалийн баялгаараа дэлхийн анхаарлыг татаж буй энэ үед болж байгаа эдгээр айлчлалууд ямар үр дүн, онцлогтой байж болох вэ? БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар хийсэн өнгөрсөн зургаан өдрийн айлчлал нь төрийн гэсэн тодотголтой. Гэхдээ дээд хэмжээний төрийн айлчлал бус. Санамж бичгүүдэд салбарын сайд нар гарын үсэг зурсан, дээд хэмжээний хэлэлцээр явагдсан. Хамгийн тод харагдаж байгаа арга хэмжээ нь “Экспо-2010 Шаньхай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон нь. Нээлтийн өдөр БНХАУ-ын дарга Ху Жинтаотой зөвхөн гар барьж мэндчилсэн, маргааш нь хүндэт харуултай угтах ёслол болсон болохоор төрийн айлчлал мөн байсан уу, яагаад тогтсон дэс дарааллын дагуу явагдсангүй вэ гэсэн эргэлзээ төрүүлжээ. Албаны хүний хэлснээр бол энэхүү төрийн айлчлалыг эртнээс бэлтгэсэн байсан гэлээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан эрхмүүд ч БНХАУ-ын тал Монгол Улсад онцгой ач холбогдол өгөн хандаж байна гэлцэв. Шаньхайд долоон улсын Ерөнхийлөгч болон 30 гаруй орны дээд хэмжээний зочид ирээд байгаа. Хүндэтгэлийн зоогт БНХАУ-ын даргын баруун гар талд Монголын, зүүн гар талд Францын Ерөнхийлөгч Саркозигийн ширээг зассан байсан. Нээлтийн ёслолд ч мөн ийм байсан. Бусад улсуудын Ерөнхийлөгчийг хүлээн авах хүндэтгэлийн ёслол ч мөн Шаньхай хотын Олон улсын хурлын танхимд болсон. Манай Ерөнхийлөгчийг дээд хэмжээний уулзалт хийгээд гарч ирэхэд дараагийн улсын хүндэтгэлийн угталт хийх бэлтгэл хангаж байгаа бололтой байсан.
Энэхүү айлчлалын эдийн засгийн “олз” нь БНХАУ манайд 40 сая юань буюу 4,7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгохоо илэрхийлсэн юм. Энэхүү тусламжийг ямар салбарт хэрхэн зарцуулах ёстойгоо монголчууд өөрсдөө шийдэх ёстой юм. Энэ салбарын, энэ айлчлалын бас нэг таагүй зүйл нь хятадууд өмнө өгсөн 300 сая ам.долларын зээлийнхээ үр дүнг “нэхсэн” нь. Тэд энэхүү зээлийн үр дүнг сайжруулахын тулд техникийн зөвлөгөө өгөхөд бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлэв. Үр дүнд нь “таатай” бус байна гэсэн үг. Ойрын хугацаанд манай хоёр орны эдийн засгийн харилцаа зургаа дахин их өснө гэсэн таамаглал байгаа. Тийм ч учраас эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх асуудал айлчлалын гол зорилго байсан болов уу. Мөн хоёр орны тээврийн харилцаа, транзит тээврийн асуудлыг ч хөндөж байлаа.
Айлчлалын хамгийн гол үйл явдал нь дэлхийн эдийн засгийн олимп, дөрвөн жилд нэг удаа болдог экспо. Хөгжиж буй оронд анх удаагаа болж буй экспод 179 орны павильон байгаагийн нэг нь даруухан жижигхэн Монголын павильон. Ноолууран цамц, Чингис архи, үлэг гүрвэлийн өндөг, ясан үзмэртэй павильоноороо Ерөнхийлөгч ороод гарсан. БНХАУ, Японы гайхалтай павильонуудын дэргэд “”Юм мэддэг хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа” гэгчээр эд дээ.
Айлчлалын бас нэг содон үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч нараас анх удаагаа өвөрмонгол айлд зочилсон нь. Өмнө нь манай Ерөнхийлөгч нар БНХАУ-д айлчилж байсан ч өвөрмонгол айлд зочлох хүсэлт яагаад ч юм бэ “чимээгүй” болчихдог байсан аж. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар хийсэн төрийн айлчлалыг товч тоймлоход ийм. Өөрсдийгөө өрөөлтэй харьцуулж, авах гээхийн ухаанд суралцаж, цаашид анхаарах хичээх бодол санаа авахад ч үр дүнтэй айлчлал болсон буй за.

2010.04.28. БНХАУ. Бээжин хот

08.30 цаг.
БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарыг Капитал нисэх онгоцны буудалд буухад БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Жан Жизюнь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Юй Хуняао нар угтан авлаа.
10.00 цаг. Бээжин хотын “Цагаан уул” сүмийг үзэж сонирхов. Энэ сүмд бумбын шашны их арш Чанчунийн чандар энд байдаг бөгөөд уг сумыг их аршийн мэдлийнх болгохыг зарлигдаж байжээ.
11.20 Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зочлов
13.50 Хятадын олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн удирдлагатай уулзав.
14.00 Хятад-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлэв.
16.30 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзав.

2010.04.29 Жилинь мужийн Чанчунь хот

Галт тэрэгний зүтгүүрийн үйлдвэр болон “Хаоюэ” махны үйлдвэртэй танилцав.
18.30 Жилинь мужийн намын хорооны дарга Сунь Жөнцай, мужийн дарга Ван Рулинь нар бараалхав.

2010.04.30 Шаньхай хот

11.30 Феникс телевизэд ярилцлага өгөв
13.20  “Экспо 2010 Шаньхай” үзэсгэлэнд Монгол Улсын павьилоноор зочлон, БНХАУ, Япон улсын павьилонуудыг үзэж сонирхлоо.
17.40   БНХАУ-ын дарга Ху Жинтао угтан мэндчилэв. БНХАУ-ын дарга Ху Жинтао “Экспо 2010 Шаньхай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож буй гадаад орны төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн зоог барив. Үзэсгэлэнгийн нээлтэд долоон улсын Ерөнхийлөгч, 30 гаруй улсын өндөр дээд хэмжээний зочин оролцов.
20.10 “Экспо 2010 Шаньхай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

2010.05.01 Шаньхай

Шаньхайн үзэсгэлэн хаалгаа нээлээ.
10.20 Шаньха  йн олон улсын хурлын төвд БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтах ёслол болж хүндэт харуул жагслаа.
10.35 Монгол Хятадын дээд хэмжээний уулзалт болов.
11.15 -Монгол Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичигт Гадаад харилцааны сайд нар,
-Соёлын төв байгуулах болон 2010-2013 онд мэргэлтэн солилцох соёлын солилцооны санамж бичигт салбарын сайд нар гарын үсэг зурав.
11.30 Хятадын төв телевизэд ярилцлага өглөө
15.20 Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны дарга Зя Цинлиньтэй уулзав.

2010.05.02 Өвөрмонголын өөртөө засах орон

Монголын соёлын өдрүүдэд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон Өвөрмонголын үзэсгэлэнг үзэж, Өвөрмонголын их сургуульд зочлов. Зиншань эдийн засгийн чөлөөт бүсийн Салхин сэнсний үйлдвэртэй танилцав.

А. АЛТАНТУЯА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж