
МАХН өөрсдийгөө зүүний хүчний гэж тодотгодог л доо. Гэхдээ тэрнийгээ ч сайн ойлгодоггүй. Харин Ардчилсан нам баруун чиг баримжаатай гэхийг нь сонсохгүй өнгөрчих вий гэсэн шиг байн байн бувтанадаг. Бас л хэлснээрээ байдаггүй. Тэднийг хөндлөнгөөс харвал хоёулаа л коммунист үзэл сурталаасаа салаагүй харагддаг.
Үүнийг энгийн жишээгээр тайлбарлаж болно. Идэх хоолгүй, ажилгүй иргэд амь зуухын эрхэнд гудамжинд гаран гутал тосолж, тамхи ширхэглэн, гуйлга гуйдаг. Арван найм хүрээгүй охид амьдралын гачигдлаас болоод сургуулиас завсардан биеэ үнэлэдэг. Энийг ардчилалын гавъяа гэх байх л даа. Үнэндээ ч тийм. Харин иргэний ардчилсан үзэлтэй гэдэг нам сонгуулиар ялагдал хүлээхдээ эрх мэдэл, эд баялгийн төлөө МАХН-д биеэ үнэлэхээс өөр аргагүй гэж өөрсдийгөө итгүүлэн, түүнийгээ гүйцэлдүүлдэг. Үүнийгээ “Социализм өөд урагшаа” гэдэг шиг “Улс орны хөгжлийн төлөө” гэх улаан коммунист үгээр тайлбарлана. Коммунист нийгмийг нулимж, эрх чөлөөг мэдэрч өсөн өндийж буй хүүхдүүд харин тэднийг хараад шоолж байна. Гэхдээ тэд түрэмгийлэгчийн эсрэг зогсох хүнгүй болж, буцаад нэг намын дарангуйлал руу ухарлаа гэдгийг ухамсарлан уйтгарлаад буйг хэлэхгүй өнгөрч болохгүй. Залуу үеийнхнийн бодож байгаачлан улстөрчдөд үнэндээ олон ургальч үзэл баримтлал алга.
Харин тэртээ хорин жилийн өмнөх шиг намын хурлаар бүхнийг шийддэг коммунист үзэл баримтлал л оршсоор буй нь алхам тутамд мэдрэгдэнэ. Тиймээс ч нийгэмд хүчээр ноёрхсон МАХН-д сэтгэл ханамжийн таашаал эдлүүлэхээр Ардчилсан нам аялдан дагалдаж байна. Тэд эрх чөлөөг өмчлөх дуртай ч эрх мэдэлд очихоороо түүний хэрэг байхгүй гэж иргэдэд итгүүлэхийг оролддог. Маргааш биш адаглаад өнөөдрийн ардчиллаараа ч биш өчигдийн коммунист сэтгэлгээгээр амьдарч буй хүмүүс олширчээ. Үгүй гэвэл иргэдийн төлөө, энэ нийгмийн төлөө гэсэн сэтгэл зүрх тэдэнд алгыг мэднэ. Хэрэв сэтгэл зүрхтэй байсан бол долдугаар сарын 1-ний үймээний дараа ардчилагчид луйврын эрх баригчидтай эвсэх нь битгий хэл байр сууриндаа бат зогсон МАХН-аас ял асуух байлаа. Тэгээгүйгээс МАХН-ын шатсан байр, олон иргэдийн итгэл үнэмшил, халуун амьтай үгүй болж оронд нь өргөө харш сүндэрлэж байна. Нийгэмд 2008 оны долдугаар сарын 1-нийг үймээн дэгдээсэн цадиггүй залуусын бусармаг үйлдэл мэтээр сурталчилахыг санаархаж байна. Гэртээ суусан иргэдийг гараад талбайд ирээч гэж уриалсан О.Магнай, Ж.Батзандан нар амиа хоохойлон МАХН-тай нөхцсөн гэж өөрсдийнхөө хэлдэг Ардчилсан намд дагаар орж, иргэдийг эргэж ч харалгүй орхисоныг ч мартаж болохгүй. Борчуудын амьдралаас дэндүү хол МАХН-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үүнийг ажиглаад тансаг тасалгаанаасаа “Долдугаар сарын 1-нээс хойш монголчууд өөрчлөгдсөн” гэж дүгнэж байлаа. Яг л ахиад босвол амиа алдана шүү гэсэн айдсыг зүрхэнд нь оруулах гэсэн шиг өнгөөр хэлэхийг нь бид сонсч байв. Харин тэр өөрөө дутуу сэтгэж гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд болсон амлалт нэхэх жагсаал , боловсрол, эрүүл мэндийнхнийн жагсаал ч гэрчилнэ. Үнэндээ бол тэр өөрөө үүнийг захиалсан. Эрх мэдлээ алдахдаа бачуурсан тэр буцаан авахын тулд болохоос болохгүйг нь хүртэл хийхээр шийдсэн нь ойлгомжтой. Хэрэв тэгээгүй бол түүний эзэмшлийн телевиз шууд дамжуулж, түүний сайт мэдээллийн “спонсороор” ажиллахгүй байсан.
Харин нөгөө талд нь энэ үест хазсан алимаа бие бие рүүгээ шидэлцэхээс өөр ажилгүй хоёр том намынхан айхдаа бужигнан эцэстээ нийлээд иргэдийн эсрэг тэмцэж, ажлын хэсэг хүртэл байгуулаад амжлаа. УИХ дахь бүлгийнхэн нь хуучинсаг арга барилаараа нууцаар хуралдан хэвлэлээр “нэг цонхоор” дуугарна. Ажлын хэсгийнхэн хувь хүнийхээ хувьд хэн ч ярих эрхгүй, гагцхүү намын нэрийн өмнөөс ярьж байлаа. Ард түмний өмнөөс гэх нөхдүүд ч ялгаагүй. Иргэдийн өмнөөс гэсэн атлаа ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа хаалттайгаар хэлэлцсэн нь хардах сэжим эрхгүй өгнө.
“Г.Уянгаа дайрах байсан юм” гэдэг Машбат гэх нөхрийг эрх баригчдын зүгээс л явуулсан байж таараа. Эсвэл Н.Энхбаярын шалихгүй төлөвлөгөө байхыг ч үгүйсгэхгүй. Ердөө л долдугаар сарын 1-ний гашууныг сануулж, нам жим байлгах гэсэндээ тэр. Тэгснээ даалгавар өгөөд шөнөөр хүчирхийлэн эмнэлэгт хэвтүүлээд, нохойд барьдаг мод шиг цагдаагаар мануулсан.
Энэ бүхний цаад шалтгаан нь эрх баригчид өндрөөс буухыг хүссэнгүй. Өлсгөлөнгөө зогсоочихоо гэж гуйсан нь ч иргэнээ бодсондоо биш. Өлсөөд үхчихвэл иргэд босно гэдгээс айсандаа тэр. Тиймээс ч тэд иргэдийг буруу зүйлд уриалж байна гэх мэтээр элдэвлэж суусан.
Хачирхалтай нь эцэстээ УИХ-ын гишүүд 1,5 саяыг бэлнээр өгөх боломжгүй ч гэж байх шиг. Боломжгүй юм амлаж байна гэхэд өөрсдөө л боломжтой гээд байгаагүй бил үү. Түүнийх нь төлөө л ядарсан иргэд саналаа өгсөн. С.Баяр “МАХН 1,5 сая төгрөг өгөх боломжтой гэж үзэж байна. Уг нь 1.0 байтугай 1.5 саяыг ч өгөх боломжтой. Гэхдээ ингэж амлахын тулд давын өмнө амлалт хэрэгжих суурь нөхцөлийг бvрдvvлэх чухал” гэж байсныг цээжилсэн хүмүүс ч олон бий. Харин Ардчилсан нам нэг сая төгрөгийн хувьцааг иргэддээ эзэмшүүлнэ гэж хошгоруулж байлаа. Одоо тэд хуурай, хоосон мөрийн хөтөлбөрөөр шоудсан нь нэгэнтэй тодорхой боллоо. Анхнаасаа ч тодорхой л байсныг мэдээгүй, мөнгөө авах гэхдээ ингэж байгаа юм биш. Гэхдээ 1921 оны хувьсгалаар коммунистууд малыг феодлуудаас авч иргэдийн гарт өгнө гэж ардын дэмжлэгийг авсан нь хөдлөшгүй үнэн. Одоогийнхоос ялгаатай нь тэд эх орныхоо төлөө харийн түрэмгийллээс ангижрах гэсэн зорилготой байснаас хууран мэхлэх санаагүй байлаа. Ямартай ч тэд феодлын нийгмийг коммунистоор халж урагшаа алхсан. Харин энэ хоёр намын эрх мэдлийн төлөөх явцуу солиорол ардчиллаас коммунизм руу ухруулж байна. Ингэснээс үүдэн бүх зүйл нь буцаад дарангуйллын засаглалтай ижил болсныг сүүлийн үеийн үйл явдлууд харуулна. Намын гишүүдээ үл хүндэлсэн МАХН орон нутгийн сонгуулиар хөл алдсандаа хөдөөгүүр анхан шатаа сонсох нэрийдлээр тал зассан бол саяхан Д.Эрдэнэбат иргэдээ сонсоод ирсэн. Коммунистууд намаа шинэчлэе гэдэг хэрнээ үг сөрсөн өвгөнийг шанаадаж, орон нутгийн өөрөө удирдах эрхэнд бүдүүлгээр халдан өөрсдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлж байна. Шинэчлэлийг хайсан намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх туршлага судлахаар ардчилсан орныг бус коммунист солонгосыг зорилоо.
Ардчилсан нам ч ялгаагүй дүрмээ зөрчин үүрүүдийнхээ хэрэгт хошуу дүрэх жишээний. Аль аль нь болохоо больсоныг нь илтгэн МАХН-ын жигүүрийнхэн шаардах бичиг өгсөн бол Ардчилсан намын Чингэлтэй, Баянзүрх дүүргийнхэн суулт хийж байна.
Иргэний хөдөлгөөнүүд тэдний эсрэг ч тэднээс ялгаагүй хэн нэгний гар хөлж болж, эрх мэдэл хүрэхийн тулд хоолгүй иргэдийг ходоодоор нь удирддаг.
Товчхондоо ардчиллын үнэт ололт болох олон ургалч үзлийн мэтгэлцээн үгүй боллоо.
Харин түүний оронд нэг үзэлд тулгуурласан коммунист аргачлал зүсээ хувилган бат бөх оршсон хэвээр үлджээ. Ард түмний цорын ганц найдвар асан Ардчилсан нам эрх мэдлийн төлөө иргэдээсээ урван коммунистуудтай гар барин, алга ташлаа. Ардчилал бүдгэрч коммунистууд хүчирхэгжиж байна. Урвалт уйтгартайгаар төгсөх вий гэх айдас төрлөө. Бүүдгэр нар уулын араар орох вий.
Л.НАРАНТӨГС