Инфляци хоёр оронтой тоонд хүрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Инфляци хоёр оронтой тоонд хүрч болзошгүй

УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа төсвийн тодотголтой холбогдуулан Сангийн сайд С.Баярцогттой уулзллаа.

-Төсвийн тодотголд иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцэж байсан УИХ-ын гишүүний нэг тэрбум төгрөгийн асуудлыг хэвээр нь үлдээжээ. Үүнийг болиулах чиглэлийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өгсөн биз дээ?

-УИХ-ын баталсан 2010 оны төсвийн тодотголын хоёрдугаар хавсралтад бүс, орон нутгийг тодорхой хэмжээнд дэмжих хөтөлбөрийг тодорхой гаргасан. Үүнийг Үндсэн хуулийн  Цэцээс ирсэн хууль бус гэх бичгийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад оруулаад өөрчилсөн. Тиймээс сайд нарын багцад энэ мөнгө орно гэсэн үг. Тэгэхээр хууль зөрчсөн ямар нэгэн зүйл энэ 76 тэрбумд байхгүй. Шинэ тодотголоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад л  бүх хөрөнгө хуваагдан хуваарилагдана гэсэн үг. 76 тэрбум төгрөг энэ зарчмаар явсан.

-Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхээр зөвшилцсөн ч төсвийн тодотголд 21 хувь болгон бууруулсан гэх юм. Тийм үү?

-Үгүй, ташаа мэдээлэл байна. Төсвийн тодотголд  цалин, бүх төрлийн тэтгэврийг аравдугаар сарын  1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр оруулсан. Үүнд 78 тэрбум төгрөг шаардлагатай. Засгийн газраас гурван талт хэлэлцээрт орохдоо анх 21 хувийг санал болгож байсан ч Төсвийн тодотголд 30 хувиар суулгасан.

-Засгийн газар хөдөлмөр хөлсний доод хэмжээг байнга нэмэгдүүлэх үүрэгтэй. Цаашид ийм арга хэмжээ үргэлжлэх үү. Энэ болгонд хувийн хэвшлийнхэн хэцүүддэг. Гэтэл сонгууль болгоноор цалинг нэмэгдүүлэхээр амладаг?

-Цалин нэмэхээр олон зүйлийн суурь үндэс хөдөлдөг. Мэдээж хувийн хэвшлийнхэнд тодорхой хэмжээний дарамт үүсдэг. Төрийн байгууллагынхны цалинг нэмэхээр ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг  хувийн хэвшлийнхэн  ажилчдын цалингаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Үүнээс үүдээд хувийн хэвшлийнхэн хоёр л  сонголт хийдэг. Нэг бол  цалингаа нэмэгдүүлэх, эсвэл ажилчдынхаа орон тоог  цомотгох. Цаашдаа Засгийн газар цалинг нэмэхдээ олон нийтэд зарлахгүйгээр хийж байя гэсэн зарчим баримталж байна. Гурван  талт хэлэлцээрийг бол хийх ёстой. Өнөөдөр цалингийн  нэмэгдэл хэн нэгэн хүний улстөр болоод явчихдаг.  Угтаа цалин нэмэгдэхэд ард түмний ахуй амьдрал л сайжирч байх учиртай. Ирэх аравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ гэдэг маань  одоо хувийн хэвшлийнхний өргөн хэрэглээний бараа үйлчилгээ, жижиглэнгийн үнийг нэмэгдүүлэх бэлтгэлд л  оруулж байгаа. Үүний эсрэг арга хэмжээ авахгүй бол инфляци өснө.

-Цалинг нэмэхээр инфляци хэр нэмэгдэнэ гэж тооцсон бол?

-Инфляци  оны эцэст хоёр оронтой тоонд хүрч, 30 хувиар нэмэгдүүлсэн цалингийн жинхэнэ үр дүн 4-5 хувь болж харагдаж  мэднэ. Тиймээс гурван талт хэлэлцээрт оролцсон цалингаа нэмэхийг шаардан жагсаал цуглаан хийсэн хүмүүсийг ийм асуудалд улстөржүүлж  хандуузай гэж л хэлсэн.

-Хүүхдийн мөнгийг  буцаан олгох асуудал төсвийн тодотголд   туссан уу?

-Хүний хөгжил сангийн төсөв тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Хүүхдийн мөнгөний асуудал Хүний хөгжил сангийн хүрээнд шийдвэрлэгдэнэ. Засгийн газар хүүхдийн мөнгөний талаар биш хүүхэд, гэр бүлийг дэмжих хөтөлбөрийг оруулж ирэх тухай ярьсан. УИХ-аас  хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн санал  дүгнэлтийг төсвийн хэлэлцүүлгийн явцад сонсох байх.

-ОУВС-аас шахаж буй Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэлэлцэхгүй хугацаа алдаад байна гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнийг юу гэх вэ?

-ОУВС-гаас шахалт үзүүлээгүй. Бид хуулийн төслийг санаачлан  УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн батлах байх. Хэлэлцүүлэгт бэлтгэгдээд явж байгаа. Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталснаар төсвийн тодотгол хийдэг  үзэгдэл байхгүй болно. Үнийн өсөлтөөс  бий болсон орлого нь Тогтворжуулалтын санд шилждэг орлого  өссөний хэрээр зардлаа нэмэгдүүлэхгүй байдаг тогтолцоонд шилжинэ. Энэ хуулийг яаралтай батлавал бидний нэрлээд байдаг Голланд өвчинд нэрвэгдэхгүй байх үндэстэй.

-Зэсийн үнэ гэнэт буурсан тохиолдолд төсвийн тодотгол дахин хийх үү?

-Одоогийн прогнозоор зэсийн үнэ огцом буурахгүй болов уу. Олон улсын судалгааны байгууллагууд ч иймэрхүү судлагаатай байна. Дэлхий нийтийг хамарсан  хямрал тогтворжсон учраас зэсийн үнэ тогтвортой байх болов уу.

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж