Хяналтын ерөнхий хорооны хурал нөгөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Хяналтын ерөнхий хорооны хурал нөгөөдөр болно

Намынхаа байранд суулт зарлаад 20 шахам хонож байгаа нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, мөн Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд өчигдөр Хяналтын ерөнхий хорооны дарга Т.Доржсүрэнгийн хамтаар хэлэлцээрийн ширээний ард сууж, Хяналтын ерөнхий хорооны хурлыг цаг алдалгүй хуралдуулах хүсэлтээ тавьжээ. Гэвч дарга Т.Доржсүрэн “Хурал хийлгэх хүсэл их ч ирц бүрдэхгүй байна” гэх улиг болсон зовлонгоо тоочсон аж.  Ийм гомдлыг тэрбээр өмнө нь хэд, хэдэн удаа тавьж байсан тул суулт зарлагсад “Хяналтын ерөнхий хорооны хурлыг хоёр хоногийн дотор хуралдуулж, ротацийн сонгуулиар хууль бусаар гарч ирж, батламжлагдсан гишүүдийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ шүү” гэдгээ мэдэгджээ. Тиймээс Хяналтын ерөнхий хорооны хурлыг ирэх пүрэв гаригт 15.00 цагт хуралдуулна гэдгээ амлажээ.

Мөн суулт зарлагсад дээр өнөөдөр 14.00 цагийн орчимд суудлын гурван жижиг тэрэгтэй 7-8 хүн ирж, агсарч, хэргээр зодоон цохион үүсгэжээ. Тэмцэгчдийг харааж зүхэн элдвээр нь дуудсан тэдний үйлдлийг суулт зарлагсад зохион байгуулалттайгаар тэмцлийг мохоох гэсэн оролдлого хэмээн мэдэгдлээ. Тэд цаг алдалгүй цагдаагийнханд дуудлага өгснөөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаа нар ирж, нэг хүнийг нь Эрүүлжүүлэх байр руу авч явсан бол зодоон хийсэн нөхрийг нь байцаахаар болжээ.

Суулт зарлагсад одоо ч Ардчилсан намын шилэн байрны гадаах талбайд суултаа үргэлжлүүлж байгаа юм. Нийт 30 гаруй хүн суулт зарлаж буй бөгөөд ирэх өдрүүдэд улам ч олон гишүүнээр бүл нэмнэ гэлээ. Дархан-Уул аймгаас гэхэд л 20-30 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, суултыг үргэлжлүүлэх аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж