
Энэ үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчдээс гадна, МУИС-ийн дэргэдэх Монгол хэл судлалын салбарынхан, Чой.Лувсанжавын нэрэмжит хэл иргэншлийн дээд сургуулийн багш, оюутнууд оролцсон. “Бэхэн өнгө-2010” үндэсний бичлэгийн уралдааны тэргүүн байрыг зураач, уран бичээч Э.Найдандорж, дэд байрыг оюутан Д.Алтантуяа, гуравдугаар байрыг уран бүтээлч Л.Амарсанаа нар тус, тус шалгаран өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Тус үзэсгэлэнд гарсан бүтээлүүдээр каталоги, зурагт хуудас хэвлэгдсэн бөгөөд сонирхсон хүмүүст үнэ төлбөргүй тарааж байгаа юм байна. Аялгуут сайхан монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, ард түмэндээ сурталчлах, нийтийн хүртээл болгох, нийтээрээ бичиг соёлоо мэдэх, сурч боловсрох зорилготой энэ үзэсгэлэн тавдугаар сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.
Г.Даша