
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхийн сэтгүүлчдийн хувьд ноцтой хүнд байгаа үе мөчид тэмдэглэн өнгөрүүлж байна. Мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө ч гэсэн жил өнгөрөх тусам хумигдаж байгаа бололтой.
1993 онд ЮНЕСКО жил бүрийн тавдугаарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар зарлан тунхагласан билээ.
Түүний гол зорилго нь “Дэлхий дахинд ардчилсан нийгмийн амин чухал хэсэг болсон чөлөөт, олон туйлт үзэлтэй, бие даасан хэвлэлийн эрх чөлөөг дэмжин хөгжүүлэхийг дэлхий дахин хүлээн зөвшөөрөхөд оршиж байгаа билээ”
Гэвч өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэхүү тунхаглалд тусгасан тийм чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө илтээр ухралтад орсоор ирсэн байна.
Зөвхөн энэ он гараад 42 сэтгүүлч өөрийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох шалтгаанаар хүчирхийлэлд өртөн амь насаа алдсаныг Олон улсын хэвлэлийн аюулгүй байдлын Институтээс/ОУХАБИ/ гаргасан тоо баримтад дурджээ.
ОУХАБИ-ийн мэдээлснээр энэ оны өнгөрөгч дөрөвдүгээр сард бүтэн хагас өдөр тутамд нэг сэтгүүлчийн амь нас үрэгдэж, зөвхөн сүүлчийн 12 хоногт 9 сэтгүүлч бусдын гарт амь насаа алдсан байна.
Энэхүү тоо баримтаас харахад гэмт халдлагад өртөж амь насаа алдсан сэтгүүлчдийн тоо өнгөрөгч онд 133 тохиолдол гарсантай харьцуулахад улам өсөх хандлагатай болжээ.
ОУХАБИ-ийн захирал Родней Пиндер “Энэхүү хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан тэмдэглэхэд бид нийтлүүлсэн мэдээнийхээ төлөө дэлхий дахинд ямар аймшигтай үнэ өртөг төлж буйг тов тодорхой сануулах өдөр болж байна” гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мун Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрнаас засгийн эрх баригчдад хандан хэвлэлийн эрх чөлөөнд саад тотгор учруулж, мэдээлэл олж авахаар интернэтэд орохыг хавчин боож байгааг шүүмжилжээ.
Бан Ки-мун “Хянан шалгах явдал кибер орчинд хүртэл газар авч, хүмүүс улс төрийн шалтгаанаар вэб хуудсанд нэвтрэн орохыг аль болохоор хязгаарлаж, сэтгүүлчдийг баривчилж байна” гэж дурдсан байна.
Дэлхийн олон оронд хэвлэлийн эрх чөлөөг хэмжих хатуу журам тогтоосон өөр нэгэн байгууллага болох Эрх чөлөөний Ордны саяхан хийсэн судалгаанд мэдээлснээр 2009 онд африкийн дэд сахаарын бүс нутаг, латин америк, ойрхи дорнодот хэвлэлийн эрх чөлөөг ноцтойгоор зөрчсөн ухралтууд гарлаа гэсэн байна.
Мексик, Филиппин, Сенегал улсад “сэтгэл түгшээсэн ухралт” гарсан ба харин Азийн бүс, тухайлбал, Бангладеш, Бутан улсад сэтгүүлчийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал сайжирсныг дурдсан байна.
Энэхүү судалгаанд хэвлэлийн эрх чөлөөний утгаар хар дансанд бүртгэгдсэн 10 орны жагсаалтад Беларусь, Хойд Солонгос, Куба, Эритреа, Экваторын Гвиней, Иран, Ливи, Мьянгмар, Туркменстан, Узбек улсыг оруулжээ.
Эх үүсвэр: VOA
Бэлтгэсэн Д.Пунцаг