Кличкогийн ах дүүс болоод Адамекийн тулаан Польшид болох магадлал өндөртэй. Учир нь 2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах тус улсад шинэ цэнгэлдэхүүд баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн нэгэнд энэ тулаан болох боломжтой аж. Гэхдээ энэ тулааны өмнө Кличкогийн ах дүүс ч тэр, Адамек ч тэр дор бүрнээ тулаан хийнэ. Виталий Кличко гуравдугаар сарын 19-нд Германы Кёльн хотноо Кубын Одланьер Солистой тулалдах бол түүний дүү Владимир Кличко Германы Маннхаймд Британийн тулаанч Дерек Чизоратай нударга зөрүүлэх учиртай. Харин Адамек дөрөвдүгээр сард тулаан хийх хуваарьтай байгаа ажээ.
Гэрээний дагуу хэрэв хоёр Кличко хоёул ялагдвал Адамектай байгуулсан гэрээ дуусгавар болно. Харин эхлээд тулалдсан нь ялагдвал Адамек нөгөө Кличкотой тулалдах гэрээтэй аж. Хэрэв ах, дүү Кличко хоёул ялбал Адамекийн дараагийн өрсөлдөгчийг Кличкогийн зүгээс сонгож өгөх гэнэ. Адамек өөрөө ах, дүү Кличкогийн алинтай нь ч тулалдсан ялгаагүй хэмээжээ. Мөн тэрбээр “Яг одоо бол боксын ертөнцөд тэр хоёр үнэхээр том одод. Тиймээс ч би том одтой тулалдахыг хүсч байна. Би өрсөлдөөнд дуртай” гэсэн байна.