Унгарын уулчин Эверестэд амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Унгарын уулчин Эверестэд амиа алдлаа

Дэлхийн ноён оргил Эверестэд авирахаар энэ жил 200 гаруй уулчинзөвшөөрөл авчээ. Ууланд авирах оргил үе гэж болох цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой үе эхлээд төдий л удаагүй байхад ноён оргил дахин нэг хүний аминд хүрлээ. Энэ удаад Унгарын хашир туршлагатай уулчин цасан нурангины улмаас Эверестэд амиа алдсан байна.
Өнгөрөгч даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 26-нд болсон цасан нурангийн улмаас Унгарын уулчин Лашло Варконий сураггүй алга болсон бөгөөд өдгөө түүнийг амиа алдсан хэмээн дүгнэж байгаа юм. Эрэл хайгуулын ажиллагаа хоёр хоног гаруй үргэлжилсний эцэст цаг агаарын эрс тэс, тааламжгүй байдлын улмаас зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг 8848 метрийн өндөртэй Эверестийн ноён оргилд гарч, тугаа мандуулахаар Түвдийн талаас авирч эхэлсэн бөгөөд 54 настай Варкони Dreher 24 Everest Expedition багийн гишүүн байсан юм. Түүний хамт Унгарын бас нэгэн уулчин Дэвид Клайн хамт аялалд гарсан ажээ. 26-нд болсон нурангийн улмаас 7000 метрийн өндөрт Норт Кол ууланд гараад байсан Унгарын хоёр уулчин хоёул доош унаж, 6400 метрийн өндөрт байрлах кэмп руу унасан байна. Клайн азаар амь аврагдсан боловч Варкони шууд мөс рүү унаж, ор сураггүй алга болжээ.
Унгарын шилдэг уулчдын нэг болох Варкони Эверестээр үнэхээр “өвчилсөн” нэгэн байсан бөгөөд өмнө нь долоон удаа ноён оргил өөд авирсан ч бүх тохиолдолд амжилтгүй болжээ. Анх удаа тэрээр 1996 онд авирч, 7800 метрт гараад буцсан ба түүнээс хойш 1999-2002 он хүртэл жил бүр тасралтгүй авирч, дараа нь 2007, 2008 онд дахин авирсан ч мөн л бүтэлгүйтсэн байна. Түүний гаргасан хамгийн дээд амжилт нь 8750 метр бөгөөд Варкони 2002 оны авиралтаараа тэр өндөрт гарч чаджээ. Тэрээр “Би орой дээр нь гараад миний дээр тунгалаг хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй гэж дуулна гэдэгтээ найдаж байна” гэж хэлээд явсан гэнэ.Ууланд хайртай, уулын спортод, тэр тусмаа Эверестэд амьдралаа зориулсан Варкони ийнхүү ууланд амиа өгснөөр Эверестэд амиа алдсан хүний тоо 217 болж байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж