
Байгалийн баялаг ашигладаг компаниудад 40 хувийн ашгийн татвар ноогдуулах гэж байгаагаа Австралийн засгийн газар Ням гаригт зарласны дараа Австралийн уул уурхайн компаниудын хувьцааны ханш унаад байна. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани “BHP Billiton” компанийн хувьцааны ханш гурван хувиар унасан бол түүний өрсөлдөгч “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 4.2 хувиар унаад байна. 2012 оноос уул уурхайн компаниудаас өндөр татвар авч эхлэхтэй холбоотойгоор уул уурхайн компаниуд гадаадад хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэх болно гэж уурхайнхан ярьж байна. Ашиг сайтай байдаг “BHP”, “Rio Tinto” хоёр компани энэ татварт хамгийн их өртөх болно. Уул уурхайн компаниудаас жилд 8.3 тэрбум ам.долларын татвар хурааж авах болно, үүнийг Австраличуудын тусын тулд зарцуулах болно гэж Австралийн ерөнхий сайд Kevin Rudd ярьсан.
2009 онд “Rio Tinto” компанийн татварын өмнөх орлого нь 7.86 тэрбум ам.доллар байсан бол “BHP Billiton” компани 2009 оны сүүлийн хагаст 6.14 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байсан. “BHP” компанийн 60 хувийг Австрали эзэмшдэг бол “Rio Tinto” компанийн 30 хүрэхгүй хувийг Австрали эзэмшдэг. Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг Австралийн уурхайчид эсэргүүцэж байна. Уул уурхайн салбарт өндөр татвар ноогдуулах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болно. Уул уурхайн ачаар Австрали дэлхийн эдийн засгийн хямралыг хөнгөхөн давсан гэж тэд ярьж байна.
Т.Санаа