Монгол малчин айлд зочлов

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Монгол малчин айлд зочлов

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяат, Баруун Сөнөд хошууны Эрээн нуур сумын малчин Лантуугийнд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Баруун Сөнөд хошууны удирдлага, малчид ард иргэд , эрхэм зочноо хүндэтгэн угтдаг монгол заншлаар идээ будаа, дуу хуурынхаа дээжээр талархан угтсан.Лантуу бол монгол өв соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, үеийн үед үр хүүхэддээ уламжлуулан үлдээж, нүүдэллэн амьдарч байгаа Шилийн гол аймгийн 70 мянган монголчуудын нэг юм.Тэднийх гурван хүүхэдтэй, хоёр нь удмаа дагаад малчин болж, эцгийн хамт амьдран сууж байна.

“Манайх 1000 гаруй малтай айл. Энэ өвөл зүтгүү (хүнд ) боллоо. Гэсэн ч малын хорогдолгүй сайхан хаваржиж байна. Манай малчид зааж өгсөн хэмжээний бэлчээрийн газраа эзэмших эрхтэй байдаг, хэрвээ өөр газраас малчид ирж малаа бэлчээрлүүлнэ гэвэл хоорондоо ярьж тохирдог. Сүүлийн үед махны үнэ нэмэгдэж байгаа нь малчид бидэнд сайн хэрэг болж байна” хэмээн Лантуу гуай хуучиллаа.“Насан туршдаа мартахааргүй сайхан үйл явдал өнөөдөр манай өрх бүлд тохиолдож байна. Таныг элэг нэгт монгол ахан дүүсээ эргэж ирсэнд туйлын их талархаж байна” хэмээн тэрээр хэллээ.
Ерөнхийлөгч, Хятад улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд ӨМӨЗО-нд ирж, монгол малчин айлаар зочилж байгаад баяртай байгаагаа хэлээд ахуй амьдрал цаг үеийн байдлын талаар хуучлан ярьж, тухлан зочиллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж