
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Монгол Улс Герман улсаас 40 жилийн хугацаатай, 4.8 сая еврогийн зээл авах юм. Үүний 892 мянган евро нь буцалтгүй тусламж хүрээнд ирж, Монголын ипотекийн корпорацийн үйл ажиллагааг дэмжиж, манай улсад хөрөнгийн зах зээл бүрэлдэх орчныг бий болгох, энэ чиглэлээр ажиллах боловсон хүчнийг чадваржуулахад зарцуулах юм байна. Мөн Герман улсаас экспертүүд ирж, ажиллана, тэдний цалинд энэхүү буцалтгүй тусламжийн ихэнх хувь зарцуулагдана. Харин үлдэж байгаа 4.8 сая орчим еврогийн зээлийг 40 жилийн хугацаатай авна. Зээлийн жилийн хүү 0.75 хувь. Үүнийг Монголын ипотекийн корпорациар дамжуулж, улмаар бага дунд орлоготой иргэдийг орон сууц худалдан авах хийгээд, өөрсдийн сууцаа сайжруулахад арилжааны банкуудаар дамжуулан нэг иргэнд 30-3 сая хүртэлх төгрөгийн зээл олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх юм байна.
Харин дамжуулан зээлдэх шатанд иргэдэд очих зээлийн хүү жилийн 11 хувьд хүрч, улмаар хугацаа нь 10 жилээр хязгаарлагдах юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд тус байнгын хорооны дарга З.Энхболд “Эцсийн хэрэглэгчдэд очих зээлийн хүүг есөн хувь хүртэл бууруулж, мөн эргэн төлөгдөх хугацааг 20-30 жил болгон сунгая” гэдэг санал гаргасныг гишүүд дэмжлээ. Мөн энэхүү зээлийн хэлэлцээрийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн олонхийн дэмжсэнээр ирэх пүрэв гаригт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Г.Дарь