Зай багтаамж ихтэй учир анчин, гөрөөчид, олон хүүхэдтэй ээжүүдийн шилдэг сонголт байсаар ирсэн Chevrolet Suburban 75 нас хүрчээ. АНУ-ын авто түүхэнд хамгийн удаан хугацаанд тасралтгүй үйлдвэрлэгдсээр ирсэн тус автомашины 75 насны ойн баярыг “General Motors” компани даваа гаригт тэмдэглэн өнгөрүүлсэн байна. SUV загварын Suburban автомашиныг зөвхөн Техас мужийн Арлингтонд байрлах салбар үйлдвэрт угсардаг бөгөөд тэмдэглэлт ойн баярын үеэр тус үйлдвэрт анхны загваруудын нэг болох Suburban Diamond Edition-г олон нийтэд үзүүлж, танилцуулжээ. 1936 онд үйлдвэрлэсэн хайрцган хэлбэртэй, урд гэрэл нь нэлээд том, хоёр хажуу талдаа нөөц дугуйтай, шар өнгийн Chevrolet Suburban Diamond Edition автомашин тухайн үедээ ердөө 2750 ширхэг л хийгдэж, зах зээлд нэвтэрсэн байна. Дотоод загвар, интерьерийн хувьд энэхүү Suburban нь том рультэй, цайвар шар болон хүрэн өнгө хосолсон суудлыг шаардлагатай үед авч, зайгаа ихэсгэх боломжтой гэнэ.
Suburban-ы анхдагч болох Suburban Carryall тэртээ 75 жилийн өмнө анх зах зээлд нэвтэрсэн бөгөөд найман хүн суух хангалттай зайтай, радио болон халаагчтай байсан аж. 1930-аад оны үед ихэнх автомашины хажуу талыг модоор, харин дээд хэсгийг брезентээр хийдэг байсан бол Suburban-ы их биеийг бүхэлд нь ган төмрөөр бүтээжээ. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд инженер, мэргэжилтнүүд Suburban-ы давуу тал болох багтаамжийг ихэсгэхэд анхаарч, гадаад үзэмж, загвар дизайн болон интерьерийг шинэчлэн сайжруулсаар ирсэн юм.
С.Цэлмэг