
“Дэлхийн цөмийн зэвсгийн нөөцийн талаар мэдээллийг илүү нээлттэй болгох нь түүнийг тараахгүй байх болон хянаж байхад чухал” хэмээн Пентагоны мэдэгдэлд өгүүлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам тодруулахдаа 31255 цэнэгтэй байсан 1967 оноос хойш цөмийн зэвсгээ 84 хувиар, 1989 оны сүүлчтэй харьцуулахад 75 хувиар буурсан гэж мэдэгдэв.
АНУ байгаа цөмийн зэвсгийнхээ тоог нээлттэй нийтэлнэ гэж Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өмнө нь мэдэгдсэн байлаа. Энэ тухайгаа тэрээр Цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээг сахих асуудлаар Нью-Йоркт нээгдсэн олон улсын бага хурал дээр мэдэгджээ.
2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев ба АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах СДЗХ-3 гэрээнд гарын үсгээ зурцгаасан билээ. Уг гэрээгээр хоёр орон цөмийн зэвсгийн тоогоо тус тус 1550 болтол хорогдуулах үүрэг авцгаасан юм. Цөмийн цэнэг зөөгчийн тоо 800 байх ба шуурхай бэлэн байдалд байх зөөгчийн тоог 700 байлгахаар уг гэрээнд заажээ. 2009 оны эхний үеийн мэдээгээр Орост 2820 цөмийн зэвсэг байлдааны байдалд байжээ.