Улирч яваа ба одоо цагийн тэмцэл

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Улирч яваа ба одоо цагийн тэмцэл











Монголын улс төрийн
хоёр гол нам МАХН, Ардчилсан намын дотоод үйл
амьдрал сүүлийн үед ихээхэн төстэй өрнөж
байна. Аль аль намын залуус суудлаасаа салах дургүй
ахмадууддаа хатуу үг хаяж,
цаадуул нь ч мөчөөгөө тавихгүй
чадлаараа эсэргүүцдэг тийм
байдал хоёр намын дотор харагдах болжээ. Өөрөөр хэлбэл, намуудын дээд хүрээнд улирч яваа ба одоо цагийн
хооронд тэмцэл үүсээд байна
гэсэн үг.

МАХН дотор ахмад, залуу үеийн
тэмцэл ид халуун дээрээ явж байна. Ууган намынхан 2007 онд их хурлаа хийж “шинэтгэлийн”
хэмээн нэрийдэн нийгэмд ихээхэн амлалт өгсөн. Гэвч түүнийхээ дийлэнхийг биелүүлээгүй өдий
хүрсэн нь залуу гишүүдийн сэтгэлийг зовоожээ. Тэгээд
26-уулаа нийлээд шаардах бичиг үйлдэж
намын даргадаа өргөн мэдүүлчихэж. УИХ-д 46 суудалтай МАХН-ын бүлгийн гишүүдийн 60 хувь намынхаа үйл ажиллагаанд сэтгэл гонсгор байна
л гэсэн үг. Ахмад хашрууд
ч яах вэ, сонгуульд амлаж л байдаг, биелүүлэлгүй хаяад сурчихсан. Нүүрээ ширлэж байгаад дараагийн сонгуулиар
дахиад ам өчиг өгч л орхидог. Түүндээ бүр дөжирчихөж. Харин залууст бол өөр. Тэдэнд их улс төрд зүтгэх хангалттай хугацаа бий. Ирэх 2012 оны сонгуульд
сүүлийн удаа нэрээ дэвшүүлээд гарсан ч яалаа, больсон ч
яалаа болсон ахмадууд биш. Ичих нүүртэй
залуусын сэтгэлийг их хурлын шийдвэрээ умартсан ах нарын авир, улам бүр доошилж яваа МАХН-ын рейтинг
зовоох болжээ.

Харин үүнийг
нь ах нар нударганы муйхар амтаар хариулж эхлэв. Ер нь МАХН-ын зүгээс байсхийгээд л “ухамсрын шанаа”
гэгч шийтгэл сонсогдох боллоо. МАХН-ын ерөнхий
нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх жигүүрийн гишүүн
Г.Бямбасүрэнг шанааджээ. УИХ-ын
гишүүн Э.Мөнх-Очирыг өрөөндөө
дуудаж аваачаад “ухамсрын шанаа” өгчээ
гэх зэрэг бол өнгөрсөн намар, өвлийн
хуучин мэдээнүүд. Шинэхэн
нь гэвэл Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын залуу гишүүн
Ж.Сүхбаатарыг Төрийн ордонд боож унагасан гэх дуулиан.

Ардчилсан нам дотор ч ялгаагүй.
Аль 1990 оны ардчилсан хувьсгалын ахмад партизан баавайнууд намын удирдлагаас буухгүй гэсэндээ чадах бүхнээ хийж байна. Ротацийн сонгууль
боллоо гэхэд л тойроггүй болсон
ахмадууд өөр газарт очоод
залуусаа шахаад гаргачихаж байна. Үүний
тод жишээ нь УИХ-ын гишүүн
Х.Тэмүүжин ҮЗХ-нд багтаагүй явдал. Нэг тойрогт зэрэгцээ хоёр
сонгуулиуд явсны цаана фракц жигүүрийн
асуудал бий ч улирч яваа болон одоо цагийн тэмцэл ард нь байгааг үгүйсгэмгүй.
Нам дотор үүсээд байгаа суулт,
эсэргүүцэл ч цаанаа шинэ хуучны
тэмцэл яваад байгааг гэрчилнэ. 1990 оны партизануудын дараа үе 1995 оны үеэс гарч ирсэн ч нам дарсан. Түүний удаах үеийнхэнд дээш гарах боломж бараг
олдоогүй. Одоо бол намын нарийн
бичгийн дарга Ц.Жадамба, О.Ургамалцэцэг нарыг “шинэ үеийнхэн намын удирдлагад бий” хэмээн харуулдаг юм.
Үзүүлэн төдий
болохоос биш үнэндээ дээш
гарсан залуус ховор. 

Ийн хөгшин
залуугаараа талцан намууд дотроо бужигнаж байх зуур сонгогчид тэдэнд тун базаахгүй дүн тавиад эхэллээ. Өнгөрсөн сард болсон тандалтаар л гэхэд МАХН, Ардчилсан нам
хоёр аль аль нь 30 гаруйхан хувийн санал авчээ. Тэгэхдээ ардчилагчид МАХН-аас арай
илүү чансаатай гарсан байна.
УИХ-ын сонгууль одоо боллоо гэхэд хоёр том нам нийлээд 70 орчим хувийн суудал л
арай ядан зулгаах нь л дээ. Сонгогчид аль аль намыг илүү шинэлэг, шуурхай, олон нийттэй ойр ажиллахыг сануулжээ.
Харин намуудын дээд хүрээнд
ахмадууд зонхилсон учраас  шинэчлэлт нь чөдөртэй морь шиг тэрхэн хавьдаа л эргэлдэх болж.

Мэдээж өнгөрсөн цаггүй
одоо, одоогүй өнгөрсөн
үе гэж байхгүй. Гагцхүү үүний жин банг тааруулж, ахмадууд нь дан ганц тулгах
бус залуусынхаа үгийг сонсдоггүйд хэргийн учир байгаа юм. Залуусын
үгэнд авах санаа их байгаа
ч хашрууд нь хүлээж авах тэвчээрээсээ
түрүүлээд ам,гараа хөдөлгөдөг болжээ. Хууль зүйн сайдаар олон улирч томилогдсон
ч нийгэмд амгалан тайван байдал тогтож чадахгүй
байгааг Ц.Нямдорж сайдад Ж.Сүхбаатар
гишүүн үнэн л сануулж хэлсэн. Тэгээд авлигатай
тэмцэх бүлэг байгуулж нөгөө намын Х.Тэмүүжин
гишүүнтэй нэг блок болоод
өнөөдөр
Монголын нийгмийн аранга болсон асуудлыг хөндөж орхижээ. Ц.Нямдорж гишүүн Х.Тэмүүжин гишүүнд бас талгүй. Асуудал хөндөж ярьсных нь төлөө “гөлөг”
хэмээн дуудаж агсарсан удаатай. Аргагүй
л УИХ-ын гишүүн парламентын
танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй тулдаа гэмгүй өнгөрсөн. Өөдөөс
нь Х.Тэмүүжин гишүүн “Насанд хүрсэн нохой” гээд хэлчихсэн. Ахмад
гишүүний тавтиргүй араншин залууст муугаар тусч
буйн үлгэр энэ.

Намууд архаг залуугаараа талцаж байх зуур УИХ-ын дараагийн сонгууль
дөхөж, цоо шинэ үеийнхэн сонгогчдын дийлэнх хувийг
эзэлж эхэллээ. “Баавайнхаа төлөө саналаа өг өө” гээд хаалга тогшоод явцгаах уу?

                                                                                    Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж