“Эсэргүү 26” гэж эгмэнд шаасан өргөс мэт

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

“Эсэргүү 26” гэж эгмэнд шаасан өргөс мэт

МАХН-аас УИХ-д сонгогдсон 26 гишүүн “намын шинэчлэл” гэсэн бичигтэй малгай өмсөж аваад намын даргадаа шаардлага гардуулав. Тэд гэнэт намаа шинэчлэгдэхгүй байгааг анзаарч XXV Их хурлынхаа шийдвэрт санаа зовсон гэнэ. Тэгээд намын дарга С.Батболдод хандаж намаа яаралтай шинэчлэхийг үүрэгдэв. Хариуг нь тэд ирэх намар хуралдах Их хурлаараа сонсох бололтой. Улс төрийн алв нэг нам тэр дундаа МАХН-ын гишүүд өөрсдөө намаа шинэчилэх гэж хэсэг бүлгээрээ нэгдэж байвал эрүүл үзэгдэлд тооцогдох учиртай.
Намын гишүүд нь ч сайшаан дэмжих ёстой. Гэтэл өнөөх л хуучны болхи арга, танил болсон сценари, намаа бүү хэл өөрсдөө ч шинэчлэгдэж чаддаггүй кадрууд. Үгүй хар л даа, өнөөх л Ч.Улаан, өнөөх Т.Ганди, бас дээрээс нь Д.Арвин. Улигт “Элсний 13”. Б.Даш-Ёндонг, М.Энхболдыг “шинэчлэл” нэрийн дор огцруулж мууг нь үзэж байсан тэд өдгөө мөн л үгсэн тохиролцжээ. Хэзээ ч шинэчлэгдэж чаддаггүй атлаа шинэчлэл нэрээр даргаа бооролдог тэд Сү.Батболдыг зуухаар боргож эхэллээ. Хоол нь багадсандаа бус хор нь ихэдсэндээ эзнээ зуудаг эдгээр нохдоо хэрхэхээ МАХН мэдэж дээ. “Эсэргүү 26” гэж эгмэнд шаасан өргөс мэт тэд ирэх намар хуралдах намынхаа Их хурлыг угтаж даргыгаа дагуулж тонгорохоор зэхэж буй нь илт. Хурууны өндгөнд шивсэн өргөсийг амархан авдаг бол харин эгмэнд шаасан өргөсийг ихээхэн юм болж байж авах биз.

Юуны өмнө МАХН “их цэвэрлэгээ”хэрэгтэй болжээ. Гэхдээ энэ нь хамтарсан Засгийн газраа огцруулж дангаараа засаг барина гэсэн үг биш. Харин намын гишүүд дотроо л цэвэрлэгээ хийх байх.  “Эсэргүү 26” болон “Элсний 13” гэсэн тоонуудаас чанарыг сонгох хэрэгтэй. Н.Энхбаярыг дагадаг түүний үзэл бодлоор асуудалд ханддаг сайд нараасаа сална. Тэр нь ч зөв. С.Батболдын Засгийн газарт Н.Энхбаярын бас С.Баярын командаар ажилладаг сайд хэрэггүй. Тэгээд ч С.Батболдын хувьд том болсон олон дагавар хүүхэдтэй айлд хүргэн орсон юм шиг явах цаг өнгөрсөн. Одоо тэрбээр айл гэрийн өрхийн тэргүүний хувиар хоймортоо тухлаж хүүхдүүдээ загнаж, дэггүй нэгэнд нь “алганы амт” үзүүлж ч болно. Тйимээс далд бодолтой, давхар санаатай сайдуудад хатуухан сануула өгөх нь яах аргагүй зөв. Харин стратегийн чухал ач холбогдолтой асуудлуудыг шийдэх энэ цагт хамтарсан Засгийн газрын үүрэг чухал. Хэдийгээр Ерөнхий сайдад Засгийн газраа дахин эмхлэн байгуулах эрх мэдэл нь байгаа  ч хувь тавилангийн энэ хатуу шаардлагыг хүлээн авахаас өөр гарцгүй юм.

Тавантолгой буюу “999+” хэмээх улс төр

Засгийн газрын тонгорч мэдэх бас нэг улс төр эхэлсэн нь Тавантолгой. Засгийн газар Тавантолгойн үүцийг хэрхэн задлах төлөвлөгөөгөө ҮАБЗ-д өргөн барьснаар эл улс төрийг эхлүүлэх кнопыг дарсан. Үндсэндээ Монголын улс төрийг одоо хоёр ангилж болохоор байна. С.Баяраас өмнө ба С.Баяраас хойш гэж. Өмнө нь манай төр С.Баяр гэдэг нүхээс хараат байж ганцхан түүний хүсэл зоригоос хамаардаг байсан бол өдгөө Тавантолгойн коксжих нүүрснээс хамааралтай болж хувирлаа. Тавантолгойд хаанахын ямар компани олборлолт хийхээс, түүнийг дагаж босох нөр их бүтээн байгуулалтад үндэсний ямар компаниуд орохоос төр засаг тогтвортой байх эсэх нь шалтгаална. Энэ хаврын улс төр зөвхөн С.Баяр гсэн том гарчигтай өрнөх байсан бол одоо Тавантолгой гэсэн шошгоор солигдлоо. Асар олон ашиг сонирхол тээсэн, их дуутай нүсэр галт тэрэг хөдлөх нь хөдөлсөн. Галт тэрэгний цуваанд амжиж суусан “гарууд” өөр өөрийнхөө өнгөөр өвөрмөц хөг аялгуу тоглож эрх ашгаа сэлэм мэт зөрүүлэх тэр их нанчилдаанаас хэд нь үрэгдэж хэн нь үлдэхийг өдгөө таашгүй. Ямартай ч энэ бүхний дунд орших хамтарсан Засгийн газар сууриараа ганхаж нэлээд сульдах нь ойлгомжтой. Учир нь Засгийн газарт дайсан олон бий. Ардчилсан намын зүгээс намын даргаа буулгаж авах Ардчилсан хүчний холбоо намаа Засгийн газраас хэрхэн татах төлөвлөгөөгөө боловсруулж суугаа бол нөгөө хэсэг нь “999+” цуваанд нэгдэж байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан хүчний холбоо улс төр, эдийн засаг гэсэн хоёр замаар дайралтад орлоо. Хүч нь барагдаж хөл дээрээ арай ядан зогсож буй “Алтангадаг” тэсч үлдэнэ гэдэг боломжгүй зүйл. Нэг л өдөр Ардчилсан намаас


“Манай нам Засгийн газраас гарах шийдвэр гаргалаа. Уучлаарай” гэвэл өнгөрөх нь тэр. Гэтэл бас тэдний нөгөө талд МАХН дотор “Эсэргүү 26” мэндэлж шинэхэн даргынхаа шилэн хүзүүн дээр сэлэм тавьчихаад жуумалзаж суугаа. Тэд мөн л “999+”-тэй аль хэдийнэ нийлчихсэн. Тэгэхээр урьд өмнө огт үзэгдэж сонсогдоогүй агуу том нэгдэл нүдний өмнө аажмаар босч өдөр хоног өнгөрөх тусам улам хүчирхэгжиж байна. Улс төрийн хоёр нам доторх Засгийн газрын эсрэг бүлэглэлүүд улс төр болон эдийн засгаараа нэгдчихээд толгой дээрээ “Тавантолгой” хэмээх малгайг хэлтгийдүү тавьчихаад зогсож байна. Энэ юу гэсэн үг вэ. Засгийн газраар тогтохгүй Монголын улс төрийг дахин хуваарилалтад оруулж мэдэх юм. Тэд харин хөдөлвөл хөдөлсөн шиг хөдлөнө. Басч болохгүй. Харин Монголын төрийн хувь тавилан үеийн үед МАХН-аас шалтгаалж байсан шиг өдгөө мөн л МАХН, энэ намын даргаас бүх зүйл шалтгаалах болжээ.

Л.Мөнхбаясгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж