Японы цагаачлалын шийдэл

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Японы цагаачлалын шийдэл

Япон илүү олон цагаач хүлээж авах уу яах вэ гэсэн асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй гацаад байна. Даяаршлыг дэмжигчид болохоор Япон гадаадын цагаач нар хүлээж авах нь олон соёлын нөлөөг оруулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байхад нөгөө талд нь тэдгээр харийнхан буюу япончуудын дууддагаар Gaijin-ууд Японы нийгэмд сөрөг нөлөө авчирна гэж эсэргүүцэж байна.

Японы Хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн үзэж байгаагаар Японы хүн ам дээд цэгтээ тулсан бөгөөд одоо хүн ам нь буурах үзэгдэл явагдах болно. 2050 он гэхэд хүн ам нь 100 сая орчим болох ба 2105 он гэхэд 45 сая орчим болох болно гэж тооцож байна. Ингэснээр илүү цөөхөн хүн ажил хийж, илүү цөөхөн хүн татвар төлж, харин тэтгэвэр авагч настайчуулын эгнээ өргөжих болно. 2009 онд Японы Засгийн газрын төсвийн зарлагын 50 гаруй хувийг үндэсний өрийн хүү, нийгмийн даатгал, тэтгэврийн зардал эзэлж байсан. 1960 онд энэ тоо 19 хувь байсан юм. Тиймээс Японы засгийн газар хатуу сонголт хийх шаардлагатай нүүр тулаад байна. Татвараа ихэсгэх үү? Тэтгэмжүүдээ бууруулах уу? Эсвэл гадаад өрөө нэмэгдүүлж, өрөнд орох уу? Эсвэл гадаадын залуу ажилчдад хаалгаа нээж ажилчид, тэтгэврийнхний хоорондын харьцааг тэнцвэржүүлэхээр оролдох уу?

Өөр нэг анхаарах асуудал бол цагаачлалын асуудлыг яаж шийдэх нь Япончуудын улам бүр өсөн нэмэгдэж байгаа амьдралын стандарт болон бараг ажил хийдэггүй япон эмэгтэйчүүдийн асуудалд чимээгүйгээр нөлөө үзүүлэх болно. Одоо байгаа амьжиргааны стандартаа хэвээр хадгалахын тулд 2012 он гэхэд Япон 7.4-11 сая цагаач ажилчид гаднаас авах хэрэгтэй байгаа. Хэрвээ цагаачид өөрсдийн гэр бүлийнхнийгээ хамт авж очих юм бол цагаачдын тоо 20 сая хүрэх болно гэж эдийн засагчид тооцоолж байна.

Япон тийм их хэмжээний цагаачдын өмнө хаалгаа бараг нээх үү гэдэг нь хариулахад төвөгтэй асуудал? Хэрвээ цагаач ажилтнууд авахыг хүсвэл Япон ямар цагаач авах вэ? Тэдгээр цагаачдын хөдөлмөрийн чадвар ямар байх вэ? Өндөр ур чадвартай хүмүүс байх уу, эсвэл ур чадвар багатай ажилчид авах уу? Ур чадвар багатай ажилчид эздийнхээ халаасыг зузаалахад тусалдаг ч ерөнхийдөө эдийн засагт тийм ч ашигтай байдаггүй. Ур чадвар сайтай ажилтнууд авахад бас асуудал үүсдэг. Тэгэхээр алийг нь авах нь урт хугацаандаа Японд ашигтай вэ? Японы эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам цагаач ажилчдын байдлыг гурван хувилбараар тооцоолсон байна. Эхний хувилбарт зөвхөн залуу, ганц бие цагаач ажилчид оруулах хувилбар. Тийм тохиолдолд цагаач ажилтнуудын Японы засгийн газарт төлөх татвар, Засгийн газраас буцааж авах тэтгэмжээс хамаагүй бага буюу Японд ашигтай байна. Хоёр дахь хувилбараар цагаач ажилчинг эхнэр, хоёр хүүхдийн хамт Японд ирж ажиллах хувилбарыг тооцсон. Ийм тохиолдолд тухайн ажилчны Японы засгийн газар төлөх татвараас тэдний гэр бүлийнхэн Японы засгийн газраас авах тэтгэлэх хамаагүй илүү давж гарсан. Өөрөөр хэлбэл Японы засгийн газар алдагдалд орох болно. Гуравдугаар хувилбараар, хэрвээ 500,000 цагаач ажилчин Японд гэр бүлтэйгээ ирж амьдрах юм бол Японы засгийн газар 12 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээх болно гэж тооцоолж байна.

Японы засгийн газар цагаачлалын асуудлаар ямар шийд гаргах нь одоогоор таамаг хэвээр л байна. Цагаачлалын асуудлыг ихэвчлэн соёлын ялгаа, улс төрийн үүднээс авч ярилцаж байгаа ч үндсэн зорилт болох эдийн засгийн хөгжил, нийгмийн бүтээмтжтэй холбож шийдвэрлэх нь ойлгомжтой гэж “Temple University Japan Campus” сургуулийн судлаач Paul J. Scalise “Newsweek” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ  дурджээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж