Тусламжийн цуваа хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Тусламжийн цуваа хөдөллөө

Өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсын Засгийн газар, ард түмнээс малчид иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж 1500 тонн цагаан будааг Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Ховд, Увс зэрэг аймгийн малчин иргэдэд хүргүүлэх цувааг зохион байгууллаа.

Энэхүү БНКазахстанУлсын Засгийн газрын тусламжийн цагаан будааг орон нутагт илгээхэд  Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга       М.Энхболд, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд Орман Каримович Нурбаев нар оролцлоо.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 88 сумдын нутагт малын бэлчээрлэлт өвөлжилтийн байдалд хүндрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс ч Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайд С. Батболд, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд нар төв, орон нутгийн удирдлагуудад тусгайлан үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

Аймаг, орон нутагт 30 хоногийн өвс тэжээлийн нөөцтэй байх үүрэг даалгавар өгсөн. Энэ жилийн нөхцөл байдал ноднин жилийнхтэй харьцуулахад харьцангуй гайгүй байгаа боловч УОК-ын шийдвэрээр ОБЕГ-аас орон нутагт өвс тэжээлийг нэмж байршуулах арга хэмжээг авч байна.

Цаашид өвөлжилт хүндэрсэн аймаг Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Төв, Ховд, Увс, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын улсын нөөцийн цэг салбаруудад 600 тонн өвс тэжээл нэмж байрлуулах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд зарим аймаг, сумдын цасанд боогдсон даваа гүвээг онгойлгох, зам харгуйг цэвэрлэх ажлыг тухайн аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар хэлтсүүдээс зохион байгуулж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд ОБЕГ өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж, нөөцийн цэг салбаруудаа хүргэсэн бөгөөд зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр бэлтгэсэн байна.

Мөн дөнгөж он гараад Дорноговь аймгийн Хатанбулаг сум эрчим хүчээр тасарсныг ТС-100 маркийн дизель станцаар хангах асуудлыг Улсын нөөцөөс шийдвэрлэсэн байна.

Зудын гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол соёлын асуудалд анхаарч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хохирол багатай даван туулахад зориулж олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудтай хамтарч  Онцгой байдлын ерөнхий газар хамтарч тусгайлсан хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж