Өөрсдөө харагддаггүй ч хийсэн зүйлс маань ил

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Өөрсдөө харагддаггүй ч хийсэн зүйлс маань ил

“Чио Чио Сан” дуурийн туслах найруулагчаар ажилласан СТА, найруулагч Е.Сарантуяатай тоглолтын өмнө уулзаж арын албаар аяллаа.

-Өнөөдөр /өнгөрсөн бямба гаригийг хэлж байна/ Ж.Пуччинийн алдарт “Чио Чио Сан” дуурь тайзнаа тавигдах гэж байна. Энэхүү дуурь нийт хичнээн хүний бүрэлдэхүүнтэй тоглогдож байгаа вэ?
-Өнөөдрийн жүжгийн тоглолтын хувьд хоор дууны 50 гаруй жүжигчид, симфони оркестрын 50 гаруй хөгжимчид, дээр нь арваад дуучид, тайз болон техникийн 20-иод ажилтан, дээр нь үйлчилгээний ажилчид гээд бас хориод хүн байна.

-Та энэ дуурь дээр туслах найруулагчаар ажиллаж байгаа юм байна. Дуурь дээр туслах найруулагч ямар, ямар үүрэгтэй ажилладаг тухай сонирхуулахгүй юу?
-Ерөнхийдөө туслах найруулагчаар ажиллана гэдэг тухайн дуурь бүхэлдээ тэр хүний командаар явна гэсэн үг л дээ. За, одоо дуурь эхэллээ гэж бодъё. Эхлэхэд хөшиг нээ, одоо тэр гэрэл солигдоно, гэрэл солигдоход тэр зүйл дээрээс бууна ч гэдэг юм уу, одоо тайз солигдоно гээд л бүх юмыг гардан хариуцаж хийнэ. Ер нь арын албаны хүмүүсийг үзэгчид мэдэхгүй болохоос хамгийн их ачаа үүрч явдаг улсууд байдаг шүү дээ. Тэр дуулж байгаа дуучид бол мэдээж хэрэг ямар их ачаалалтай ажилладаг нь ойлгомжтой. Дуурийн дуучид гэдэг чинь маш нарийн мэргэжил. Яагаад энэ их олон жил гадаад, дотоодод сурдаг вэ гэхээр хөгжмийн асар өндөр боловсролтой болно, дээр нь жүжиглэлт, ерөөсөө бүх юмны цогц нь энэ дуурь, сонгодог урлагт байдаг. Хөгжмөө сонсож дуулна, нөгөө сурсан дуугаа зүгээр л гурван бадаг дуу дуулахтай адилгүй гурван цаг ч дуулах дуурь байна. Энэ “Чио Чио Сан” дуурьт гэхэд л гол дүрийн дуучин маань хоёр цаг дөчин минутын турш дуулдаг. Тиймээс учраас маш их хүч хөдөлмөр зарцуулдаг. Хөгжмөө сонсохын хажуугаар жүжиглэнэ, хажуу дахь партнертойгоо харилцана гээд л асар их ур чадвар шаарддаг. Арын албаныхан яг л дуучидтайгаа адилхан зэрэгцээд л ажилладаг даа.

-Арын албаныханы ямар, ямар үүрэгтэй оролцдог вэ?
-Ерөөсөө дуурь бол хөшиг нээгдэхэд гоё гэрэл гэгээ тавигдчихсан, сайхан тайзтай байдаг. Энэ бүх юмыг тайзны ажилчид, зураачид, оёдолчид, нүүр хувиргагчид, гэрэл техникийн ажилчид, арын албаны бүх хүмүүс л хийж бүтээж байдаг. Дуурийн гол өгүүлэмж утга санааг, энэ үзэгдэл дээр юуг хэлж байна гэдгийг, тэр үзэгдэл дээр зассан тайз, өгөгдөн солигдож байгаа гэрэл гэгээ бүгдээрээ л тэр үед нь болж байгаа үйл явдлыг тодотгож өгөх ёстой. Нэг дуурь, зөвхөн нэг орой үзэгчдэд тоглогдоход ямар олон хүний хүч хөдөлмөр нийлэн бүтдэг вэ гэдгийг л харуулж байгаа юм. Гоё тайзан дээр гараад дуулж байгаа дуучид хүний нүдэн дээр ил байдаг. Гоё сайхан дуулж байна гээд үзэгчид хараад үнэлэмж өгөөд байдаг, гэтэл яг чухам энэ тайзыг хэн тавьсан юм бол, ямар зураач зурсан бол, хэн зассан юм бол, энэ гэрлийг хэн тавьдаг юм бол энэ жүжгийг нь хэн яаж явуулдаг юм бол гэдэг тэр болгоныг хүн ойлгодоггүй. Зүгээр л ингээд яваад байдаг л юм боддог. Тэгэхээр яг энэ хөшигний ар талд болж байгаа бүх юм ерөөсөө бас л нэгэн жүжиг шиг явдаг. Энэ тайз солигдох гээд бүх л юм, зарим нь бүр хөгжим явж байхад солигддог үзэгдлүүд хүртэл байдаг. Тэрэнд амжиж тайзаа сольдог. Асар нарийн ажиллагаатай, асар их ур ухаан шаардсан, самбаатай байх хэрэгтэй гээд арын албаныхан маш чухал үүрэг гүйцэтгэдэг ийм л хүмүүс байдаг.

-Чио Чио Сан дуурийн тухай ярьцгаая. Энэ дуурьт тайз хичнээн удаа солигддог вэ?
-Энэ дуурийн тухайд бол тайз засалтын хувьд харьцангүй гайгүй. Яагаад гэвэл энэ дуурьт жүжигчдийн барьж гардаг, тавьдаг зүйлс, ширээ сандал гээд жижиг хэрэгслийн юмнууд л нааш цааш болж солигдоно уу гэхээс ерөөсөө тайз бол нэг орчинд явагдах учраас  солигдохгүй. Өнөөдрийн хувьд бол тайз засахын хувьд л хүнд болохоос биш нэг засчихсан байхад тоглолтын туршид хөнгөн талдаа. Үүнээс маш хэцүү тайз нь олон солигддог дууриуд бий.

-Тайз хамгийн олон солигддог ямар дуурь байдаг вэ?
-Их олон дууриуд бий л дээ. “Ламбагуайн нулимс” дуурь байна. Энэ дуурь долоон үзэгдэлтэй. Нэг үзэгдлийн тайз хүртэл давхардаж засагддаг. Харьцангуй богино дуурьтаа орно ш дээ. Нэг цаг дөчин минут үргэлжилдэг хэрнээ арын албаныхны хувьд маш ачаалалтай ажилладаг. Бужигнасаар байгаад л дуусчихдаг. Яагаад гэвэл хөгжим дундуур тайз солигддог. Тийм учраас яг тэр хөгжмөнд багтаад тайзаа солих ёстой. Нэгэнт л хөгжим эхэлчихсэн бол зогсоож байгаад хүлээлгээд тайзаа солино гэсэн ойлголт байхгүй. Тэнд 50,60 хөгжимчид яг л ноотоо хараад тоглож байхад бид ч бас амжуулаад л хийх болдог.

-Тухайн дуурь тавигдахад анх хийсэн тайзаа дараа, дараагийн тоглолтуудад хэрхэн яаж хадгалдаг вэ?
-Энэ жүжиг ахиад хэдэн жил тавигдана, тэр болгонд энэ тайзыг хадгалаад ашиглаж байдаг. Зарим хатуу эдлэлүүд нь муудаж хуучрах юм уу будаг нь халцарч гэмтсэн үед урсгал засвар хийгээд сэргээгээд яваад байдаг. Сайн хийсэн дуурийн тайз бол олон жил явна даа. Манайх гаднаа складуудтай тэндээ тайзаа жүжиг, жүжгээр нь ангилаад тавьчихдаг. Бололцоо байхгүй болоод л довжоонууд маань гадаа цас, бороо, уринд идэгдээд байгаад байдаг болохоос бусад бүх зөөлөн эдлэлүүдийг тайзныхаа доор хадгалдаг лүүктэй.
Дуурь эхлэх цаг болоод бид хоёрын яриа энд хүрээд өндөрлөв. Театрын арын албаныхан завгүй ажилласаар л байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж